Хархулангийн бөгж,Хөшиг,5

5

 

              Байрны захиргаанд Хантайгаас хэрэг болдог юм гэж юу байдаг билээ? Байрны мөнгөө төлчихсөн, тамхи татахаа больчихсон, хэнд ч саад бололгүй хулгана шиг чимээгүй амьдарч байгаа биш билүү? Захиргааны хэлтэс рүү очиход байрнаас гарах хэрэг байсангүй, шууд хүзүүвчээр дамжаад орчих тул санаа зоволтгүй шууд гарлаа. Күрихарагийн зүгээс ямар нэгэн хариу цохилт хүлээж янз бүрээр бодсоор байгаад ядарч, одоо бол сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэрээр орж нэг ёсны цайрч, тухайн тохиолдолд л юу болох нь уу харъя, тэнгэр мэдэг гэж бодох тийшээгээ болжээ. Захиргааны хэлтсийн нарийн бичиг дээр очиж нэрээ хэлээд түүнийг хэн дуудуулсныг асуув. Хэлтсийн дарга дээр шууд ор гэлээ.

              Дотуур байрны захиргааны хэлтсийн дарга, өндөр нарийн хүзүүндээ чивчиртэл нь зангидсан хар зангиатай нөхөр түүнийг албаны ширээнийхээ цаанаас ноцтой харцаар цоо ширтэн хүлээж авлаа. Тэр хүний албан захиргааны төлөөгчийн төгс дүр төрхийг хараад Хантай бага зэрэг хулчийж, би ямар хэрэг тарьчихсан юм болдоо гэж өөрийн эрхгүй бодогдоод явчлаа. Дарга мань эрийг суу гэж сандал заагаад өрөөний хананд суурилуулсан дэлгэцийг зааж, юуны өмнө бичлэг үзэхийг хүсэв.

Мэддэг ч юм шиг нэгэн өрөөнд таньдаг ч юм шиг хоёр залуу зогсож байх бөгөөд яг камерны доор хаалга онгойж  нэг их танил цамцтай залуу гэнэт урган гарч ирээд шууд нөгөө хоёр дээр очингуут нэгийг нь нам цохин унагамагц нөгөөх нь урд нь шууд сөхөрлөө. Танил төрхтэй залуу сөхөрсөн эрийн үснээс татан гэдийлгэж нүүр уруу нь харах шиг болсноо хоромхон зуур нам цохин унагаад шууд эргэхэд бичлэг зогсч танил залуугийн нүүр дэлгэцэн дээр тодоос тод харагдах нь Хантай мань эр яг гэгээн дүрээрээ байх бөгөөд царай нь саяхан араатны авираар хүн зодож байсан гэхээргүйгээр барахгүй сакура дэлгэрэхийг үзэхээр цэцэрлэгээр зугаалж яваа нөхөр үү гэлтэй амирлангуй тайван төрхтэй үзэгдэх нь гайхал төрүүлэм харагдах ажээ.

              Хантай нэг хэсэг бантан барьц алдав. Тэр уулзалтын өрөөнд камер байдаг гэж санасангүй, гэхдээ сайн бодоод үзэхэд үнэхээр хамгийн камер байгууштай газар бол уулзалтын өрөө мөн ажээ.

-Таны харж байгаагаар... хэмээн Дарга үгээ зугуухан эхлээд яваандаа улам чангарав.

Товчхондоо дотуур байранд зодоон хийж дүрэм зөрчсөн тул байрнаас хөөгдөн гарах нь наад захын шийтгэлүүдийн нэг ажээ. Цаашаагаа юу болох вэ гэвэл мэдээж хүндэрнэ.

-Энэ чинь зүгээр тоглоом шүү дээ... гэж Хантай аргаа барахдаа хий гөрдөн зүтгэв.

-Хэн ч гомдол гаргаагүй байгааг та мэдэж байгаа биз дээ? Үнэхээр зодоон болсон бол өдийд цагдаад гомдол очсон байх ёстой биздээ?

-Танай монголд ингэж тоглодог юм уу? Тэр хүмүүс одоо хаа байна?

-Тиймээ. Манай монголд алс хол явж байгаа анд найзаа муу юмнаас хамгаалж ингэж үдэж өгдөг эртний ёс байдаг юм, тэд манай найзууд америк явах гэж байгаа юм японоор дайран өнгөрөөд...  Мань эрийн толгойд хаанаасаа ийм балай юм орж ирснийг бүү мэд, өөрийн мэдэлгүй урсгаж байв.

-Хантай сан та харин надтай тоглох санаатай байна уу? Сургуулийн гадаад оюутан хариуцсан захиргаанд таны энэ явдлын талаар илтгэх нь миний үүрэг.

-Танаас гуйя. Таны хариуцсан ажил ийм үүрэгтэй гэдгийг би ойлгож байна л даа. Гэхдээ энэ бол үнэхээр санаа зовоохоор асуудал биш, тоглоом гэж би буруу үг хэлчлээ. Япон хэл сайн сурч чадаагүй намайг уучилна уу. Энэ бол үнэхээр тоглоом биш харин найзууд хэн нэгнийгээ цохиж байгаа юм шиг дүр үзүүлдэг нэг тийм эртний уламжлалт ёс заншил манай улсад байдаг юм л даа.

-Би танай монголд ямар ёс байдгийг огт мэдэхгүй, харин дотуур байранд ямар журамтайг л сайн мэднэ... гэхдээ дарга бас ч гэж зөөлөрсөн бололтой байлаа.

Хамгийн гол нь үнэхээр цагдаад ямар ч гомдол очоогүй байх ёстой гэж Хантай найдаж байв. Тэд үнэхээр дээрэмчид юм бол цагдаатай үхсэн ч орооцолдох ёсгүй гэдэг дээ.

-Даргаа та бодоод үз л дээ, энэ бол уржигдар болсон явдал. Үнэхээр ийм хэрүүл зодоон болсон бол өдийд би энд таны өрөөнд биш, цагдаагийн газар байж байх ёстой биш үү?

-Таны талаар би цагдаагийн газраас лавлагаа авах болно.

-Та надад итгэ, үнэхээр тийм ёс байдаг юм. Та наад бичлэгээ ахиад үз дээ. Бид үнэхээр урдаас тохиролцсон ёс журам гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой харагдана даа танд...

              Бичлэгийг дахин явуулж шинэ тайлбарын дагуу өөр нүдээр харахад энэ удаад нээрээ ч үнэхээр урдаас тохиролцсон жүжиг шиг харагдав.

-За та харав уу? Хэн ч зүгээр зогсч байгаад зодуулахгүй шүү дээ, тэгээд ч надтай уулзахаар гэртээ ирсэн найзыгаа зодно гэж ямар ч утгагүй зүйл болохыг та мэдэж л байгаа шүү дээ.

-Би л лав ийм ёс байдаг гэж дуулаагүй юм байна. Чамд дараах зүйлийг анхааруулъя. Нэгдүгээрт саяын болсон явдлаас хэн нэг нь цагдаагийн газарт гомдол мэдүүлбэл энэ бүхэн гэмт хэрэг болно. Харин гэмт хэрэгтнийг манайх орогнуулахгүй.

Хоёрдугаарт, үнэхээр чиний хэлсэн тайлбар үнэн юм бол, дахин ийм явдал давтагдахгүй гэж амлалт өгөх юм бол чамайг энэ удаа харзнаж үзье.

-Бүгд үнэн, та санаа зоволтгүй. Би амлая, ахиж ийм явдал гарахгүй.

              Хантай тэндээс бараг хөл нь гуйвчхаад гарч ирлээ. Яг одоо, харуул хамгаалалттай, үндсэн бүртгэлтэй дотуур байр бол түүний цорын ганц цайз, түшиц газар болоод байгаа билээ. Хэрвээ эндээс гарах л юм бол, эзгүй хээр, харанхуй шөнө, цөөвөр чонын сүрэг дунд гар хоосон ганцаар хаягдсанаас огтхон ч ялгаагүй юм болно. Даргын өрөөнд ормогцоо бичлэгийг хараад мань эр тоглоомгүй айсан билээ. Салах ёсны эртний заншлын тухай санаа хаанаас яаж бодож олов. Ёстой дээд тэнгэрээс л зааж өгөх шиг боллоо.

              Заана гэснээс одоо ороод байгаа хүнд байдлаас гарах аргыг хэн нэг нь зааж өгвөл сайн юмсан гэж бодохдоо Жэймэнийг санав. Жэймэн өөрт нь тус болж болох юм гэж түүний толгойд яагаад орсонгүй вэ өчигдөр? Тэр бол асар их туршлагатай хуульч хүн, сайн муу өчнөөн юмтай орооцолдож үзсэн байх учиртай. Түүнээс гадна хамгийн гол нь бөгжний тухай, Хантайн тухай бүгдийг мэдэж байгаа. Хамгийн гол нь Тэр бол дундын байр суурин дээр байгаа хүн. Бас хэрвээ бөгжний эзэмшлийн асуудал албан ёсоор шийдэгдэж байгаа эсэх, эсвэл хэзээ шийдэгдэх төлөвтэй байгааг тодруулах нь амин чухал байв.Хэрвээ мөдгүй шинжтэй бол мань эр маш шуурхай монгол руугаа буцаж барын амнаас бултах хэрэгтэй гэсэн үг. Өрөө рүүгээ гүйх шахам явж ороод нэтээс Жэймэний хаягийг хайлаа. Зүсэн зүйлийн Жэймэн байдаг ажээ. Бараг арван цаг сууж байж хамгийн магадлал өндөртэй 6 Жэймэн уруу “Би Хантай байна. Яаралтай холбоо барина уу” гэсэн мэйл явуулаад орон дээрээ тэрий хадан унаж нам унтлаа.

 

              Нэг мэдвэл хэтэрхий их унтаж хоцорсон юм шиг санагдан палхийтэл цочин сэрлээ. Яагаад ч юм зовхи нь хүндэрч, ядаргаа нь огт гараагүй байлаа. Энэ бол танил мэдрэмж...  ажил ихтэй үед архи хэтрүүлж оройтчихоод маргааш өглөө нь эрт босоход нэг иймэрхүү байдаг. Гэхдээ тэр өчигдөр архи уугаагүй биздээ? Яагаад ингэтлээ ядарчив? өчигдөр Жэймэний хаягийг хайж оройтлоо гэж ингэж байгаа юм байхдаа? Туршлагаараа нүдээ нээлгүй тэр чигээрээ өндийн суулаа. 20 секунд хэртэй биеэ бэлдээд нүдээ нээлээ. Тас харанхуй байв. Юу вэ, өглөө болоогүй байгаа юм уу? Цаг хэд болж байна? Яагаад цонхоор  гудамжны гэрэл ч тусахгүй хав харанхуй байна? Гэсэн бодлууд ар араасаа цувран толгойд нь орж эхлэхэд зүрх нь чим чим хийн цохилт хэмнэл алдаж, аюулхай нь түгшиж эхэллээ. Гараа сунган орныхоо хажууд байдаг чийдэнгийн унтраалга уруу явуулсанд юу ч үл баригдсанд цааш нь улам сунган тэмтэрвээс танихгүй хүйтэн гөлгөр хананд санамсаргүй хүрсэнд цочин буцааж татлаа. Одоо бол гэдэс нь базлах шиг болов. Энэ бол аюулын дохио... БИ ХААНА БАЙНА АА? Гэсэн бодол Хантайн бүх биеийг доргион, цэв хүйтэн ус цацах шиг огцом цочоон сэргээлээ.

 

             

Сэтгэгдэлүүд:

1. mulan (зочин) | 2009-06-09 20:19:18
Tand uran buteeliin undur amjilt husie. Mash ih amtarhaj unshdag shuu.
2. hulan (зочин) | 2009-06-09 20:24:01
bi negdvgeert kkkkkkk
yag haana bgan boloo ........ aimar sonirholtoi heseg deeree...
3. fabio (зочин) | 2009-06-09 20:41:51
ooooooooooooo shuurhai bn shuu, er ni l ergej baihgui bol huraagadah ni, gyalalzaad baigaarai... jagaa bn uu? 3t shoo saihan too mongol too hehehehe
4. fabio (зочин) | 2009-06-09 20:47:51
БИ ХААНА БАЙНА АА?
5. Ordi | 2009-06-09 20:48:09
яаая энд гоё зохиол байхад уншихгүй юугаа хийж явбаа за хүлээсий шүү үргэлжлэлийг...
6. fabio (зочин) | 2009-06-09 20:53:31
ordinary chini banjig-n tom blogchiny neg biz de. getel uuniig umshaagui yavna gedeg gaihaltai,, ehnees ni suuj dee huhdee hehehehe
7. leo | 2009-06-09 20:56:27
хүлээж байгаа шүү үргэлжилэлийг нь
8. Ordi | 2009-06-09 21:01:29
fabio- өө би том энтэр бишийшдээ, жижигүүдийн нэг. Эхнээс нь суугаад уншнаа хэхэ яагаад ч юм уншаагүй байх юм
9. tuyaga | 2009-06-09 21:33:59
Yostoi goy. Amjilt husey. Shuurhai oruulj baigaad mash ikh bayarlaj bna
10. nirunzu | 2009-06-09 21:47:52
за фабио, лео, хулаан нойрмоглож болохгүй шүү ахиад орууллаа. өглөө эрт босоорой
11. LuZa | 2009-06-09 22:42:30
ёстой сайхан юм болжийно доо одоо яах бол
12. bonne fee (зочин) | 2009-06-09 23:57:08
sain jaal shuu...chi nom bolgokhooroo heleerei...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.