7
Унтсан уу, ухаан алдсан уу нэг сэрэхэд бас ч үгүй бүүдгэр гэрэлтэй жижгэвтэр өрөөнд зөөлөн буйдангийн түшлэг налан хагас хэвтэж байх шиг байлаа. Юун түрүүн өөрийгөө хаана юу хийж байгааг ойлгох гэж оролдов. Саяхан аймшигт харанхуйн дунд цор ганцаар айдаст автан шаналж байсан нь хар дарсан зүүд байсан уу бодит явдал байсан уу гэдгээ ялгах гэж оролдсон боловч туйлдаж ядарсан уураг тархи нь түүний санаагаар болж өгсөнгүй. Дахин ухаан нь балартаж ирэв. Байгалийн хуулийг сөрж үл чадах бие махбод, уураг тархиа оюун сэтгэлийн хүчээр жолоодох гэж оролдсон бүтэн гурван цагийн цөхрөлтгүй тэмцэл нь бүх хүч тамирыг нь шавхаж үхэл амьдралын заагт аваачсаныг Хантай өөрөө мэдэхгүй байлаа.
Дахин ухаан алдаад хоёр цаг өнгөрсний дараа үргэлжлүүлэн гүн нойронд автагдаж, нийт найман цагийн дараа идэр махбод ба дасгалжиж бэхжсэн мэдрэлийн эсүүд нь эргэн сэргэж, хэвийн байдалдаа орж эхэллээ. Хантай гүн нойрноос сэрээд нэг хэсэг тамир алдран тэр чигээрээ хэвтлээ. Аюул өнгөрснийг тэр тайван цохилох зүрхнийхээ цохилтоор мэдэрч байлаа. Гэсэн ч ядарсан бие болоод тархи нь ачаалал даах чадваргүй сулхан байх бөгөөд амралт шаардаж байв. Харин түүнийг одоо юу хүлээж байгааг мэдэхгүй байсан тул олдож байгаа энэ амар тайван мөчийг ганц секунд ч алдалгүй ашиглан чадах чинээгэрээ хүчээ хурааж авахыг хичээж юу ч үл бодон нүдээ анин хөдөлгөөнгүй хэвтсээр байв.
Өрөөний хаалга чимээгүй онгойж хэн нэгэн орж ирээд чимээгүй алхлан ойртож ирэхийг мэдэрсэн боловч эсэргүүцэх буюу аливаа хөдөлгөөн хийх хүч байсангүйгээр үл барам тийм сэтгэл ч төрсөнгүй. Нүдээ дутуу нээн харваас нөгөө хоёр залуу түүний хоёр хажууд ирээд үгийн зөрөөгүй хоёр гараас нь татж өндийлгөөд хоёр суга ба бугуйнаас нь барьж түших ч биш чирэх ч биш байдлаар түүнийг өрөөнөөс авч гарлаа.
“Энэ хоёр ч одоо намайг сүйд хийх нь дээ” гэсэн бодол юун түрүүнд дүйнгэтсэн толгойд нь харван орсон ч, тэднээс айх ч тэнхэлгүй болсон байлаа. Нарийн харанхуй коридороор явсаар гудамжинд гарч ирэхэд шөнө байлаа. Түүнийг гялгар хар машины арын суудалд суулгаад өөрсдөө урд суун нэг нь жолоо бариад чигээрээ урагш харан үг дуугүй явах нь мань эрээс огтхон ч болгоомжлохгүй байгаа бололтой. Хантай гараа хөдөлгөж үзвэл осолгүй л хөдөлж байхаас биш ямар ч хүч тамир гэж байхгүй ажээ. Хаа хүрэх, хэр удаан явахаа үл мэдэвч, мөн л олдсон завшааныг ашиглан хүч тамираа сэлбэж авахаар нүдээ анисхийн зөөлөн түшлэгийг налан хэвтэв. Тэрээр өөрийгөө батерей нь дуусаад унтарсан гар утсыг хэсэг хугацааны дараа дахин асаахад хүчгүйхэн ассан болоод ганц дуудлага ирэхэд л тасрахад бэлэн байдагтай адилтган үзэв. Жаахан ч болов цэнэг авах хэрэгтэй байлаа.
Шөнийн харанхуй гудамжаар хар хурдаараа давхих машины цонхоор бүдэгхэн гэрэлтүүлэгтэй харанхуй гудамж үргэлжлэх хийгээд гудамж ийнхүү хоосон байгаагаас үзвэл хотын зах буюу захын жижиг хотод, басхүү өглөө эрт 4-5 цагийн орчим явж байгаа бололтой. Явсаар нэг мэдэхэд машин зогсч нөгөө хоёр мань эрийг мөн л машинаас хөнгөхөн татаж буулгаад гар дээрээ дамжлан явахад нь ажваас нэгэн газар доорхи зогсоолд орж ирсэн байх агаад шууд явсаар лифт рүү орж хаалга хаагдан хөдлөхөд жингүйдэх мэт огцом мэдрэмж энгийн бус хүчтэй мэдрэгдэв.
Бүдэг гэрэлтүүлэгтэй боловч нэлээдгүй уужим саруул өрөөнд орж ирэх шиг болсон боловч Хантайд өрөөний засал чимэглэлийг анхаарах чадал хүрэлцсэнгүй. Түүнийг суулгасан буйдангийн эсрэг талын хананд том дэлгэц байрласан байх бөгөөд уг дэлгэцэнд мань эрийн царай сонин цайвгар өнгөтэй харагдана. Өөрийн эрхгүй шохоорхон харвал Хантай эхээс төрсөн биеэрээ нэгэн тавиур дээр гайхаш тасарсан царайтай сууж байх бөгөөд эргэн тойрон ёроолгүй харанхуй ажээ. Нэлээн хэсэг алмайран суусны эцэст гэнэт царайд нь амьд амьтны шинж тодорч, шазуур зуун хүйтэн инээмсэглэх мэт болоод босч гараа алдлан суниагаад яг камерийн өөдөөс харан зогсоод хэнэг ч үгүй шээлээ. Тэгснээ доошоо сууж хөлөө завилан хоёр гараа намбатайгаар өвдөг дээрээ авч лянхуан байрлалд шилжин нүдээ аньж царай нь хөдөлгөөнгүй гөлийлөө. Дүрс гэнэт сонин болоод явчихсанд анзаарваас гүйлгэж байгаа бололтой дэлгэцийн баруун дээд буланд цагийн тоолуур жирэлзэн байлаа. Хантай өөрийнхөө дүрсийг дэмий л гөлрөн ширтэнгээ “Би ч удахгүй Холливудын од болчхиимбайнлдөө” хэмээн дурамжхан бодож суулаа. Удалгүй цаг гүйхээ болиход ажиглавал 3 цаг 17 минут 23 секундээс эхлэн хэвийн хурданд шилжив. Ямар өөрчлөлт гарах нь вэ хэмээн харсаар байтал нүдний үзүүрт нэг юм хөдлөх шиг болоход харц тогтоовол нөгөө өвдөг дээрээ авсан намбалаг хоёр гар нь доошоо гулсан нийлээд нэн ч удалгүй толгой нь унжин урагшаа налан бөхийсөөр камерийн өөдөөс мөргөн сунасан байдалтай уналаа. “Манлай баатар шиг босоогоороо үхэж чадсангүй шив” гэж өөрийгөө шоолох, голох хоёрын дундуур бас бодогдоод явчих тэр үед дэлгэц унтран өрөөний гэрэл тодорч түүнд хаана байгааг нь сануулав.
Уудам өрөөний голд буюу дэлгэц Хантай хоёрын дунд нэгэн сайхан ширээ байх ба ширээний цаана цаашаа харсан өндөр сандлын түшлэг харагдсанаа алгуурхан нааш эргэхэд Хантайн хүлээж байснаар ач хүү Мотохиро биш, харин түүнтэй огтхон ч адилгүй өвгөжөөр хүний царай харагдсан нь гайхалтай нь бас л Хантайд танил санагдаад явчлаа. Ядарсан тархи нь селерон процессортой хуучин компьютер шиг шажигнан ажилласаар байгаад тэр хүнийг санав. Таван жилийн өмнө Күрихарагийн итгэлт ажилтан болж түүх ярин буу халж хамт пиво уудаг байсан тэр үед ганц хоёр удаа цуг сууж байсан дуу муутай хүн мөн байв. Түүнээс гадна тэр хүнийг сая гэрэл асахад хараад нэг л танил санагдсныхаа учрыг ч оллоо. Тэр хүн бол бас эмгэний жолооч буюу цэцэрлэгч сайхан зантай дуугүй өвгөнтэй их төстэй ажээ. Хантай хоромхон зуур бүгдийг ойлгов. Төгс тайжийн эхнэр хүүхдийн хэдэн ээмэг бөгж энд мөн ч олон гэр бүлийг амьдралтай залгуулж дээ...
-Чи надтай уулзахыг хүсээ юу? Хэмээн нөгөө хүн элдэв маяггүй товчхон асуухад Хантайн дотор нэг юм тор хийх шиг болоод энэ хүний ярианы өнгөнд тааруулан түрүүнээс хойш хичээн байж цуглуулсан цэнэгээ дуусахаас өмнө учраа ололцохоор шийдэв. Яриа товчхон бөгөөд тодорхой болж өнгөрлөө.
-Тиймээ.
-Чи бөгжийг авч ирж чадна гэл үү?
-Би бөгжийг авч ирж чадахгүй. Тэр бөгж одоо нэгэнт Монгол улсын өмч болсон гэдгийг та мэдэж байгаа гэж бодож байна.
-Тэгвэл чи надаас юу хүсээв?
.... Бөгж монгол улсын өмч албан ёсны мэдээг зөвхөн Хантай ганцаараа мэдэж байгаа юм шиг учир битүүлэг өнгөөр хэлээд ямар хариу ирэхийг хүлээн бэмбийж байсан боловч боловч өвгөний хэнэггүй хариуг сонсоод бага зэрэг гайхсан ч үл мэдэгдэхийг хичээв.
-Би шудрага ёсыг хүсч байна.
-Ямар шудрага ёс?
-Би та нарт ямар ч өргүй. Гэтэл Күрихара сан намайг луйвардахыг хүсч байна.
-Ярь...
-Гурван жилийн өмнө би Күрихарагаас бага багаар зээлсээр 2 сая иен авсан. Бөгжний асуудал болж өнгөрсний дараа Күрихара сан өөрийг нь хохиролгүй болгож өгвөл ахиж асуудал үүсгэхгүй гэж амласан тул Мотохиро ач хүү түүнд миний зээлсэн 2 сая иен, бас замын зардал гэж авсан 2 зуун мянган иенийг төлсөн. Харин би гурван жилийн дараа Ач хүү Мотохирод 2 сая 2 зуун мянган иенийг төлсөн.
-?
-Харин хэд хоногийн өмнө Күрихара сан надтай уулзахдаа надаас урьдны зээлсэн 2 сая иен, замын зардал 2 зуун мянган иен, түүнээс гадна намайг бөгжийг авчирж өгнө гэж 2 сая иен авсан гэж гүтгээд тэдгээрийн хүү гэж нэмэн бодож 6 сая 5 зуун мянган иен нэхэв.
-Тэгээд?
-Би үүнийг төлж чадахгүй, төлөх ч ёс байхгүй.
-Энэ тэгээд надад ямар хамаатай юм бэ?
-Та Күрихарагийн дээр байдаг юм бол шудрага ёсыг тогтоож Күрихараг зогсоох ёстой гэж би бодож байна.
-Чи тэгээд хэдийг төлж чадах юм?
-Би хэдийг ч төлөхгүй. Би өргүй, би төлөх ёсгүй мөнгийг хэзээ ч хэнд ч төлөхгүй.
-Чи тэгээд иймхэн мөнгөний төлөө үхэх нь хайран хэрэг биш гэж үү?
-Би үхэхгүй. Тэгээд ч мөнгө олох болгондоо хэн нэгэнд булаалгаад байдаг бол тэр хүний амьдрал ямар ч утга алга.
-Чамд тэгээд 6 сая 5 зуун мянган иен байгаа юм биздээ.
-Надад хэд ч байсан гэсэн хэнд ч саад болохгүй гэж бодож байна.
-Тийм дээ. За яахав, чи одоо явж болно.
-Одоо ямарч асуудалгүй биз дээ? Күрихара сан...
-Одоо бидний хувьд ямар ч асуудалгүй. Күрихара ч мөн чамтай ахиж уулзахгүй гэж амлаж байна.
.....”Тийм байдаг байжээ. Эцсийн эцэст түүний хамгийн эхний таамаг ортой л байж, тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүйэ гэж, Күрихара түүнийг мөнгөтэй болсон гэж сонсоод шагналаас нь олз горьдсноо халхлах гэж бөөн хэрэг босгожээ дээ янз нь. Харин бөгж нэгэнт монголын өмч болсонтой эд маргахгүй байх чинь, энэ хооронд үнэхээр шийдэгдчихсэн юм байхдаа “ хэмээн Хантайн ядарсан тархинд жингүйдэх мэт удаанаар бодол хөвөрнө.
-Танд их маш их баярлалаа. Би ингээд явъя даа.... Хантай буйдан дээрээс босох гэж зүйргүй их хүч гарган өндийгөөд үүд рүү арайхийн зүглэв.
-Чиний зориг тэвчээр, хатуу араншинг бид зохих ёсоор үнэлж байгаа ч гэсэн дахиж бидний зам дээр төвөг удвал өршөөхгүй гэдгийг санаж яв... гэж араас нь аяархан хэлэх дуулдаад –Бас манай хоёр ч чамтай яриатай байгаа байх... гэж залгуулан бүдэгхэн өгүүлэхийг сонсоод мань эрийн өвдөг золтой л нугарчихсангүй.
Хантай сөхөрчих шахан явсаар өрөөнөөс гарч лифтэнд ойртход хаалга нь онгойж дотор нь нэг залуу нь зогсч байлаа. Хантай хэрээс хэтэрсэн их зориг гаргаж лифт уруу чигээрээ явж ороод залуу уруу нүднийхээ булангаар харсаар лифтний нөгөө захад юу ч болсон бэлэн байхыг хичээн хөдлөлгүй анан зогсов. Лифт хязгааргүй удаан явсаар арай гэж зогсон хаалга нь нээгдэхэд харвал нөгөө машин яг байрандаа зогсож байх бөгөөд жолоон дээр нөгөө нэг залуу нь сууж байлаа.
Хантай сүүлчийн хүчээ шавхан лифтнээс гараад айснаа мэдэгдэхгүй гэж алгуурхан эргэж харвал өнөөх залуу хүнд хүчир бэлтгэл хийсээр хатуужин чангарч, судас шөрмөс нь зангирсан бадируун шуутай баруун гараа өргөн хөмсгөн тушаагаа аваачиж, бүх дэлхий даяар нэг л янз байдаг цэрэг ёсолгоогоор ёслоход, үл цавчигч нүднийх нь буланд дотно инээмсэглэл үл мэдэгхэн тодров.
Харанхуй ойд олон хоног төөрсөн хүнд, нар туссан ойн зах харагдах шиг Хантайн сэтгэл тавиран, үнэн сэтгэлээсээ инээмсэглээд хариу ёсолж, түүнийг хүлээн асаатай зогсч байсан машин уруу эргэж харалгүй боломжоороо шуурхайхан алхсаар очиж, хаалгыг нь нээн орж суулаа.


Сэтгэгдэлүүд:
huleej bg shuu
Сэтгэгдэл үлдээх: