Хархулангийн Бөгж,Нислэг,3

3

 

Нийтийн тээврийн хэрэгслээр ч биш, мотоциклоор ч биш, хүчирхэг хөдөлгүүрийг өөрийн гарын аясаар захирч, урт замыг харцныхаа аясаар хураан давхисаар найман цагийн дараа Аомори дахь эмгэний эдлэнд хүрлээ.

Эмгэний ариун шарилд ёслон хүндэтгэл илэрхийлж, салах ёс гүйцэтгэв. Энэ хүний шудрага журамт ариун сэтгэлийг үеийн үед, мөнхөд дурсаж явахыг сануулан босгосон гэрэлт хөшөөний өмнө сөхрөн мөргөлөө.

Эдлэн огт өөрчлөгдөөгүй хэвээр байсанд өдгөө эдлэнгийн шинэ эзэгтэй болсон Мотохиро бэргэн Хантайг бүхий л ёс журмын дагуу хүндэтгэн зочилж, өөрийнх нь өрөөнд, өөрийнх нь орыг засан өгч унтууллаа. Энэ өрөө зөвхөн түүнийх бөгөөд эмгэний гэгээн гэрээслэлийн дагуу түүнийг гэр бүлийн хүндэт зочин гэж насан үүрд тооцож явахыг бэргэн түүнд сануулан хэлэв.

Маргааш өглөөний цай өндөрлөмөгц гэр бүлийнхэнтэй салах ёс гүйцэтгээд хот орж ач хүүтэй уулзахаар хөдөллөө. Урьдчилан тохиролцсон байсан тул Ач хүү түүнийг нөгөө хамгийн сүүлд нүүр тулан уулзаж бөгжийг хүлээлгэн өгсөн тэр л танхимдаа хүлээн авлаа. Хантай одоо бол ач хүүгийн талаар өөрийн атгаг сэтгэлээ дарж, нигүүлсэн үзэх тул тэд хамгийн сүүлд уулзсан шигээ л энгийн сайхан уулзлаа. Энэ хооронд Хантай мань эр л олон санаа санаж янз бүр болж явснаас биш ач хүү бол байдгаараа л байгаа байхдаа гэж бодогдоход бага зэрэг санаа ч зовох шиг.

Удаан уулзаагүй тэдэнд ярих юм ч их байсан тул тухтайхан сууцгаав. Бөгжийг авч гарснаас хойш өөрт тохиолдсон зүйлсийг урьд нь хэдийгээр мэйлээр харилцаж, утсаар ярьж байсан ч уулзаад ярилцахад бас өчнөөн юм байгаа ажээ. Хантайн хувьд эмгэний тухай яриа түүнд хамгаас сонин байв. Эмгэн түүнийг явснаас хойш огт босоогүй бөгөөд ухаангүй байгаа юм байх гэж санаж байтал яг найм дахь өдрийнхөө өглөө нүдээ нээсэн гэнэ. Бэр буюу ачхүүгийн эх дэргэд нь салалгүй сахиж байсан тул хонх даран бүгдийг цуглуулсанд тайван дуугаар эцсийн гэрээсээ хэлсэн гэнэ. Ихэнх нь гэр бүлийн асуудал тул Хантайд тодорхой яриагүй агаад мань эрд холбогдох нэгэн зүйл дурдагдсан нь Хантайг үүргээ гайхалтай сайн биелүүлж чадсан гэж хэлээд түүнийг дахин японд эргэн ирж сургуульдаа сурах үедээ ямар нэгэн тусламж хүсэх аваас түүнийг нь өөрийнх нь нэрийн өмнөөс биелүүлэхийг захижээ.

Эмгэний гэрээсийг анх удаагаа сонсч байгаагаа хэлэхэд ач хүү, түүний өрийг дарж дарж дахин японд ирэхэд саадгүй болсон тухайгаа дуулгахад мань эр бүх өр ширээ өөрийн хүчээр дарж, сургуульдаа ч мөн өөрийн хүчээр сурна гэсэн хариу ирсэнд түүний шийдвэрийг хүндэтгэн үзэх тул эмгэний гэрээсийг дуулгах хэрэггүй гэж үзсэнээ хэлэв.

Хантай энэ үгийг сонсоод Ач хүү түүнийг бүр анхнаасаа л өөрийнхөө зиндаанд бодож, түүний бардам занг хүндэтгэн, хэзээ ч түүнийг дорд муугаар бодож яваагүйг ухаараад өөрийнхөө өчүүхэн сэтгэлийг дотроо ихэд зэмлэн гэмшивэй.

Ийнхүү яриа өрнөсөнд Хантай өөрийн хашир муу санааг сэтгэлээсээ үлдэн хөөхөөр нэгэнт шийдээд цэцэрлэгч өвгөнийг үзэгдэхгүй байгаагийн учрыг асуулаа. Өвгөн, эмээг нас барснаар өөрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнд тооцож эртний самурайн ёсоор хорвоогоос хагацсан гэнэ. Өчүүхэн бага хөвгүүн таван настайдаа айлын гэрт ирээд өтөл насандаа хадан гэртээ буцсан өвгөний сэтгэл эмтрэм түүхийг сонсоод Хантай эргэж буцах зүйлгүйгээр өөрийнхөө олзлогдсон тухайгаа ярьж өгөөд тэндхийн жинхэнэ босс нь цэцэрлэгч өвгөнтэй их л төстэй байсныг хэлэв.

Ач хүү хэсэг дуугай сууснаа санаа алдаад өгүүлрүүн

-Чи бол гадаад хүн тул бидний харьцааны талаар ойлгохгүй юм нэлээд байгаа байх. Гэхдээ би чамд тайлбарлаж өгөхийг хичээе. Эмээ манжуураас алт эрдэнэс авч ирсний дараахан дайн дуусч, дайнд ялагдсан япон улсад өлсгөлөн ядуурал болон эмх замбараагүй байдал нүүрлэсэн юм. Ялангуяа манайх шиг зах хязгаар нутагт засаг захиргаа гэж байхгүй болж, хамгийн үнэт зүйл болох газар хүртэл үнэгүй болсон хүнд үед дайны өмнөх самурайн феодалын үеийн дэглэмээ зарим нэг талаар сэргээн сахихаас өөр аргагүй болсон гэдэг. Ийм хэцүү үед тэр их алт эрдэнэсийг зөвхөн өөрсдийн хүчээр хадгалж, зөвхөн өөрсдөө хэрэглэнэ гэдэг дэндүү аюултай хэрэг байсан гэдэг. Эмээ өвөө хоёрын хоёр эцэг мөн хуучин цагийн язгууртнууд байсны хувиар өөрийн хязгаарын толгойлогчид манжуураас авчирсан эрдэнэсээс хуваалцан хамгаалалт ивгээлд нь багтсанаар манай гэр бүл сая бүтэн нойртой хонох болсон гэдээг. Толгойлогч бидний үнэнч сэтгэлд талархсны тэмдэг болгож өөрийн ач хүү буюу ууган хүүгийн гурван хүүхдийн дундахыг манай гэрт өргүүлсэн юм. Ураг удмаа харж хандах эр хүнээ дайны хөлд алдаад байсан манай гэр бүлд тэр бол том хүндэтгэл бас тэр хүү нь хүчирхэг толгойлогчийн гэр бүлээс гаралтай тул том хамгаалалт болсон гэдэг. Чамтай уулзсан тэр хүн бол тэр цагийн толгойлогчоос ажил үүргийг нь залгамжлан авсан ач хүүдийнх нь нэг нь юм.

-Тийм байдаг байжээ. Күрихара тэгээд ямар учиртай юм бэ?

-Эцэг Күрихара бол манай хязгаарыг төвтэй холбон наймаа хийдэг мөн л толгойлогчийн ивээлд багтан татвараа төлдөг худалдаачин хүн байсан юм. Тэгээд л одоогийн Күрихара мөн л эцгийнхээ замаар яваа нь тэр.

-Бараг л нэг гэр бүлийн хүмүүс байж Бөгжийг булааж авах гэж яагаад тэгж оролдсон юм болдоо?

-Энд нэг учир бий юм. Эмээ монгол хүнд өгсөн тангарагаа сахиж Бөгжний тухай толгойлогчид бүү хэл төрсөн эцэгтээ ч хэлээгүй тас нууж байсан юм билээ. тэгээд он цаг өнгөрч өөрөө гэрийн эзэгтэй ч болсон, нас нь өтөлж, тангарагаа биелүүлж чадалгүй насан өөд болох нь гэж болгоомжилсны улмаас бөгжийг гаргаж, өөрийн үнэнч хамгаалагч цэцэрлэгч өвгөнд үзүүлэн тэр“Бөгжний талаар нууц яриа дэгдээн эзэн суух хүнийг хайхыг тушаасан юм. Яг тэр үеэр чи гарч ирж Күрихаратай танилцсан нь сонирхолтой ч Бөгжний заяа төөрөг л тийм байж дээ.

-Тэгээд?

-Гэтэл шинэ толгойлогч ийм үнэт эрдэнийг тэднээс нууж байсан нь өөрсдийн гэр бүлийг дорд үзэн үл итгэж байсан хэрэг гэж хилэгнэн бөгжийг булааж авахыг тушаах гэсэн боловч манай гэр бүлийн хамгаалагч цэцэрлэгч өвөө өөрийн холбоо сүлбээ болон нэр хүндээ ашиглан болиулсан юм. Яг энэ үеэр чиний танил Күрихара сан Бөгжийг үнэ хүргэн худалдаад олох ашгийг нь тэнцүү хувааж авах санаа гаргасан байна. Энэ саналыг манай гэр бүл эсэргүүцсэн боловч толгойлогчийн гэр бүл далдуур дэмжсэнээр Күрихара дураараа болж толгой мэдэн бие дааж олон жил холбоотой байсан тайваний гэр бүлтэй Бөгжний наймааг хийхээр тохирсон байна.

Байдал ийм болсонд манай гэр бүл Эмээ тэднийг эсэргүүцэх боломжгүй байв. Тиймээс бөгжний хувь заяаг монгол хүн л шийдэх болно гэсэн монгол эмгэний домог үгийг л итгэн дагахаас өөр аргагүй болсон тул Бөгжний наймааг хийхэд зөвхөн монгол хүний гараар дамжуулах болно гэсэн болзлыг тулгасан билээ. Энэ бол тэдний хувьд биелүүлэхэд хялбар их амархан болзол байсан тул тэд анхны дайралдсан монгол оюутныг олж авчирсан нь чи байсан билээ...

-Гэтэл би Бөгжийг аван зугтсан... хэмээн Хантайг үг нэмэхэд, Ач хүү тосон аваад

-Гэтэл чи Бөгжийг аван зугатаав. Күрихара толгойлогчоос хамааралгүйгээр энэ хэргийг бие даан явуулах эрх аваад байсан тул чамд ч тэр эмээд ч тэр итгэхгүй байж шаардлагатай бүх сэргийлэх арга хэмжээ аваад байсныг бид мэднэ. Гэтэл чи тэдний гараас мултран гарч тэр ч байтугай солонгост хүртэл гарч ирсэнгүй. Иймээс Күрихарагийн гар богинодож Тайвань түншүүддээ чамайг хүлээлгэн өгөөд азаа үзсэн нь бас бүтэлгүйтсэн байна. Бидэнд, ялангуяа чамд дөнгүүлсэндээ хилэгнэсэн Күрихара толгойлогчид гомдол мэдүүлж хариугаа авахыг хүссэн боловч энэ бүхэн бол манай Эмээгийн ариун гэрээслэл бөгөөд Бид бүхний гэр бүлийг өдий зэрэгт хүргэсэн тэр эрдэнэсийг Эмээд өгсөн тэр Монгол хүнд тавьсан тангараг байсныг би тэдэнд сайтар тайлбарлаж өгсөн билээ...

хэмээн ач хүү яриагаа өндөрлөв. Хэсэг хугацаанд өрөөнд ёслол төгөлдөр анир чимээгүй болж манай хоёр залуу агуу их өвөг дээдсийнхээ сүнсийг сонсох шиг болов.

Удалгүй нарийн бичиг тэдэнд халуун кофе авчирч өгөхөд тэд сая л орчин үедээ эргэн ирээд Хантай америк явах бодолтой байгаагаа ярихад Ач хүү түүний номны талаар сонссоноо ярьж амжилт хүсэв. Ач хүүгийнхээр бол ялангуяа японы алс хязгаар нутгийн ард түмний сэтгэлд хуучны самурайн аж төрөх ёс сэтгэлд ойрхон үлдсэн хэвээр бөгөөд тиймч учраас элдэв гадаадын шинэчлэл өөрчлөлтөд дургүй, Хантайтай адил зөвхөн өөрийнхөөрөө бие даан амьдрах хүсэлтэй байдаг тул түүний ном нэг хэсэгтээ их амжилтанд хүрнэ гэж бодож байгаагаа хэлэв.

              Хантай тэндээс мөн л үдээс хойш бүрий болсон хойно гарч ирэв. Хорвоо ертөнц, хувь тавилан гэж мөн гайхалтайяаа... Тэр ийм том хувь тавилангийн нэгэн хэсэг болон төрж, тэр үүргийг биелүүлэх гэж төдийгөөс эдүгээ хүртэл бэлдэж ирсэн байна шүү гэж бодоход өөрийн эрхгүй сэтгэл бадрах ажээ. Тэгж үзээд бодох юм бол бүх юм гайхамшигтай таарч байлаа. Тэр япон хэл сурч, өр зээл тавьж сургуульд явсан нь, бүр хамгийн энгийн зүйл болох хар зөнгөөрөө л мотоцикл сонирхдог нь хүртэл  хэрэг болсон бөгөөд тэр хүртэл түүний бүх л амьдрал нь үүргээ биелүүлэх бэлтгэл болсон байлаа.

              Одоо түүнийг ямар хувь тавилан дуудаж ямар үүрэг хүлээж байгаа болоо? гэж бодогдохуй их үйлийг бүтээхээр энэ дэлхий дээр төрсөндөө улам ч итгэл дүүрэн болох авай.

Сэтгэгдэлүүд:

1. Chabu (зочин) | 2009-06-10 23:31:53
urt udaan urgeljleh ene zohioloo nom bolgoh uu, heden unshigch bid tegj hooroldood, fabio, ordinary, shongiin mod oo bish gorzook, parfume geed bid hed. bid unshaad l baih yum, yadrahgui.
2. gorzook | 2009-06-10 23:46:27
Хэхэ. За дуусах болж байна уу. Би дуусангуут нь бөөнөөр нь унших гээд тэсэж ядаж байна аа.
3. zochin (зочин) | 2009-06-11 00:22:26
Unheer gaihaltai bichijiee!
amjilt huseye
4. tagm | 2009-06-11 00:59:22
Duuschihav boltoi !! Gyim bolov uu ? Gyi bolch .,...
5. fabio (зочин) | 2009-06-11 01:02:23
heheh agaa, gorzook, namaigaa dagaad hanarchihsan bn sh dee. odoo ordinary, altargana, jagaa.. tsuvna daa hehehehehe nom bolgovol ch bi nelee dhediig avch taraanaa.. odo umshih mini.. tegeed esh tatna
6. bujin (зочин) | 2009-06-11 01:03:54
buunduj unshaad buun bayar he he .. nom bolgonguut hudaldaj avnaa ,, yaj ingej goy bichdeg bnaa ,gehdee humuusiin huselteer hurdan duusgah geed yaraad yah ve hu ,, heleh gesen sanaagaa budgiig ni oruulaarai ,zaluu humuus unshihad surgamjtai saihan zohiol ,, gurvaljin durvuljin hair durlal unshisaar bgaad zalhaj bna geh uu de
7. танхил | 2009-06-11 01:17:27
дуусах дөхөж байгаа юу? өөлөх зүйл байхгүй сайхан болж байнаа
фабио гуай сайн уу
8. fabio (зочин) | 2009-06-11 01:18:35
Тэр ийм том хувь тавилангийн нэгэн хэсэг болон төрж, тэр үүргийг биелүүлэх гэж төдийгөөс эдүгээ хүртэл бэлдэж ирсэн байна шүү гэж бодоход өөрийн эрхгүй сэтгэл бадрах ажээ.
9. fabio (зочин) | 2009-06-11 01:20:08
namaig guaildag hen baidag bilee , sanahgui aldas bolj bh shigee uuchlaarai...
10. Ordi | 2009-06-11 01:26:19
энэ зохиолыг ихэд шимтэн уншлаа. Ном болвол авах юмсан.
11. танхил | 2009-06-11 01:38:21
аан за уучлаарай
12. xvv | 2009-06-12 00:38:46
Эмээгийн ариун гэрээслэл бөгөөд Бид бүхний гэр бүлийг өдий зэрэгт хүргэсэн тэр эрдэнэсийг Эмээд өгсөн тэр Монгол хүнд тавьсан тангараг байсныг би тэдэнд сайтар тайлбарлаж өгсөн билээ...

Амлалт, тангарагтаа хүрдэг, хүндэлдэг энэ шударга байдал, дээдсийн ёс, зиндаа гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг гайхалтай хүмүүс юм...

Ном болгож хэвлүүлнэ шүү. Ямар ч аргаар байсан хамаагүй. Би нэгийг тэр үед авах болно. Аа тийм хавтас энгийн маш цэвэрхэн хатуу хавтастай ном байх байх...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.