4
Тэндээс тэр үед явсан замаараа шууд Ямагата уруу аялахаар шийдсэн байлаа. Энэ удаа тэр өөрийнх нь аминд орсон сайхан сэтгэлт ногоочин өвгөн эмгэн хоёр, “зөрүүд модчин”, бас амар тайвныг эрхэмлэгч халуун рашааны эзэн гэр бүлийнд айлчлан очиж таван жил гаруйн өмнө өвгөн эмгэн хоёрын өмнө өөртөө амласан аялалаа гүйцээх болно.
Аялал төсөөлж байснаас нь илүү сайхан болов. Эрүүл агаарт, сэтгэл амгалан амьдарч өөрсдийнхөө эрхээр жаргаж буй хөгшчүүд энэ хугацаанд огтхон ч өтөлсөнгүйгээр үл барам, сүүлийн хэдэн жил чийгтэй өрөөнд тоостой номон дундаас гараагүй мань эрийг шинэ эрч хүчээр цэнэглэж өглөө. Ногоочин өвгөн эмгэн хоёр Токиогийн их сургууль дүүргэсэн мундаг толгойтой хүүгээ алга тосон эрхлүүлэх бөгөөд тэдний санасанчлан агуу эрдэмтэн болж чадаагүй ч гэсэн алдартай зохиолч болсныг дуулаад хөл нь газраас төө хэртэй хөндий ниссээр бүтэн хоног сэтгэл дүүрэн жаргаж Хантайг гаргаж өгөв.
“Зөрүүд модчин өвгөн” Хантайн мөрөн дээр бадируун гараарынхаа хар хүчээр гуйвтал нь алгадан америк маягаар мэндчилж, аюулт дээрэмчдийн гараас амьд мэнд мултарч чадснаар үл барам зорьсон хэргээ гүйцээж бахдам ялалт байгуулсан жинхэнэ эр хүнийг хэрхэн хүлээж авах ёстойв тэр л хэмжээгээр нэр төртэй хүлээн авлаа. Хоюул энэ удаа аглага ууландах модон байшиндаа Модчины агнаад нөгөө л амбаар, хуучин том хөргөгчиндөө хадгалж байсан атар тарган бугын махыг өөрсдийн гараар ил зуухны гал дээр шаран идэж, америк маягаар хатуу вискигээр хангалттай сайн даруулав. Модчинд монголд байхдаа жуулчны хөтөч хийн гайхалтай сайхан газруудаар аялсан хийгээд мөнөөхөн аймшигт цасан шуурганаар амь өрсөн тэмцэлдсэнээ ярьж өгөхөд хатуу вискинээс ч хувь илүү эрэлхэг Модчины сэтгэлийг хөгжөөх ажгуу.
Нэлээдгүй хэтрүүлсэн манай хоёр маргааш нь төлөвлөгөө ёсоор, мөн шараа тайлах давхар бодол агуулан хоёр биен рүүгээ хуйвалдааны нүд ирмэн хөөргөсөөр онсэн-ий үүдэнд буулаа. Халуун рашааны эзэн гэр бүл өөрсдийн хүслэнт амар тайван жаргалаа дүүрэн эдэлсээр суусан бөгөөд Токиод ч нэг, Ямагатад ч нэг, алс холын хаа байдаг нь үл мэдэгдэх Монголд ч нэг дураараа дүүлж явдаг Хантайг үлгэр домгийн эрх чөлөөт ямар нэгэн шувуутай зүйрлүүлэн байгаа бололтой өнгө өнгийн яриа дэлгэн сайхан цайгаар дайлж, халуун усаа харамгүй бэлдэж өглөө.
Хантай хойд нутгийн аялалаас шинэ бодол санаатай хүрч ирсэн юм. Урьд нь бол долоон зуун мянган доллараар юу хийх тухай шийдэж ядан байхдаа жирийн Улаанбаатрын иргэн монгол хүн юу бодож болох вэ гэж төсөөлж үзэж байлаа. Бүхэнд ойлгомжтой бөгөөд ухаалаг гэгдэхээр шийдэл бол амархан байсан... Нэг зуун мянгаар хүссэн загварынхаа цоо шинэ машин худалдаж авна, нэг зуугаар нь хүссэн хотхондоо цоо шинэ байр худалдаж авна. 1 зуун мянгыг юмыг яаж мэдэх вэ хар өдөрт зориулан хадгаламжинд хийнэ. 2 зуун мянгаар нь кафе баар худалдаж авснаар ирээдүйн хоол, бензиний мөнгөө баталгаатай болгож авна. За байз одоо хэд үлдэв? 2 зуун мянга үлджээ. Үүгээр бол улс төрд орж их хурлын гишүүн болж чаддаггүй юм аа гэхэд хотын хурлын гишүүн болчихож чадмаар санагдана. Гэвч энэ бол Хантайн хүсэл мөрөөдөлтэй огтхон ч нийцэхгүй байсан юм. Мэдээж шинэ машин авахаас бусад нь. Машин бол яах вэ монгол эр бүрийн л сул тал болохоор одоо яая гэхэв. Шинэ байр ч бас болохгүй юм алга. Хэзээ нэгэн цагт эхнэр авч гэр бүл болох л байлгүй. “Гэр бүл” гэдэг чинь гэр дотроо бүлээрээ амьдрана гэсэн үг бололтой. Гэр бүл гэснээс олон жилийн өмнө монголд оюутан байхад нь байртай болж байж гэрлэх эрхтэй болох уу, эсвэл гэрлэсэн хойноо байрны төлөө зүтгэх үү гэсэн тэнэг маргаан хүчтэй өрнөснийг гэнэт санав. Хүнтэй суух болон байр авах нь хоорондоо тийм ч нарийн шүтэлцээтэй асуудал биш шиг санаж байснаа дурсаж билээ. За хадгаламж гэж байна. Хөгширөх болон, өвдөх зовохын талаар ямар ч төсөөлөл үгүй тул хадгаламжийн ач холбогдлыг гүйцэд ойлгохгүй байж болох юм. Баарны эзэн болоод бас ямар нэгэн гишүүн болох нь Хантайн мөрөөдөл л лав биш бөгөөд тэр талаар бодож үзэхийг хүсэхгүй байлаа.
Мөнгөтэй болох сураг дуулдмагц Хантайн сэтгэлийг гижигдэж эхэлсэн нэгэн зүйл бол дэлхийг тойрон аялах явдал байлаа. Гэхдээ учир утгагүй дэлхий тойрох нь сонирхолгүй ч байж мэдэх юм. Бас тэр ер нь мөнгөтэй боллоо гээд мөнгөө яахаа мэдэхгүй байгаа нь хачирхалтай хэрэг байв. Юун түрүүн мөнгөтэй л болбол боллоо гэж л иш мухаргүй санаашраад явснаас биш мөнгөтэй болчихвол яаж амьдрах вэ гэдгээ нэг ч удаа нухацтай бодож үзээгүй нь нээрээ л сонин хэрэг байлаа. Зурагтаар гардаг алдартнуудын амьдралаас жишээ авч үзвэл өчнөөн олон спорт урлагийн одод гэнэт их мөнгөтэй болоод хэрхэн яаж зарцуулахаа мэдэхээ байж, наргиан цэнгээнд хөл толгойгоо алдаад эцэст нь өрөнд баригдсан хар тамхичин ч билүү болдог тухай их дуулснаа санаж, саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үгний цаад утгыг ойлгов.
Чухам тэр халгиж цалгисан их мөнгийг багтаах уудам сэтгэлтэй, за больё томхон савтай, эсвэл улам өсгөх шуналтай, үгүй бол бүгдийг шингээх мангас шиг гэдэстэй ч юм уу байж байж их мөнгөтэй байх нь ойлгомжтой хэрэг ажээ.
Өөр ямар санаа байж болох вэ гэвэл олсон мөнгөө ямар нэгэн сайн санааны ч юм уу хүмүүнлэгийн үйлст, жишээ нь монголоор дүүрэн байгаа ядууст зориулж болох боловч, нэгдүгээрт мөнгөө харамлах сэтгэл өөрөөс нь ч хүчтэй байна, хоёрдугаарт тэр дахиж ийм их мөнгө олохгүй бол яах билээ, өөрөө нөгөө ядуусынхаа эгнээнд гүйгээд орчих биш үү гэсэн бодол хазаарлаж байв.
Иймэрхүү байдалтайгаар аялалд явсан мань эр тэндээс буцаж ирэхдээ өөрийнхөө эрэлхэг сайхан сэтгэлтэй бөгөөд агуу уужим зүрхтэй, өндөр заяанд төрсөн нэгэн үеийн тэнгэрлэг сайн эр юмаа гэдэг дүрдээ бүрэн итгэчхээд ирсэн байлаа. Энэхүү мартагдсан хуучин буюу шинэ дүрдээ орсон байдалтайгаар хүмүүнлэгийн үйлсийн тухай бодож үзэхэд саад болох зүйл үгүй боловч цээжнийх нь гүнд оршин ямагт замыг нь заагч одон болсон зөн совин нь түүнийг ухаалаг байж өөрийгөө бодох хэрэгтэй сануулсаар байв. Яг энэ үедээ тэрээр нэг хэсэг мань эрийн бахархал бахдалыг төрүүлж байсан Дэйвид Жэймэний тэтгэлгийн хөтөлбөрийн талаар санаж Дэйвидтэй тэр талаар нухацтай ярилцаж эхэлсэн юм. Дэйвидийн оюутны тэтгэлэг үнэхээр өөлөх юмгүй сайхан санаа шиг санагдаж байлаа. Тэр сайн үйлстэн, хөрөнгө оруулагч, ядуу хүмүүсийн энэрэлгүй тавиланг өөрчлөгч тэнгэр бурхны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж байв. Үнэн хэрэг дээрээ тийм биш байсан байж болох боловч ямар ч гэсэн Хантайн нүдэнд тэгж харагдаж байв.
Тиймээс Хантай өөрт олдсон завшаанаа ашиглан тэнгэрлэг сайн эр гэсэн дүрээсээ нэгэн шат дэвшиж өөрөө тэнгэрийн элчийн дүрд тоглохыг хүсжээ. Энэ талаар Жэймэнтэй нухацтай ярьж үзвэл тэнгэр бурханд ч бас мөнгөний асуудал их байдаг ажээ. Дэйвид жилд зуу гаруй мянган долларын орлого олдог боловч зайлшгүй шаардлагатай зардлаа дарж, мөн өөрийн зарим тансаг хэрэглээгээ танаснаар зөвхөн хориос гучин мянган долларыг сайн дурын ажилдаа зарцуулах бололцоотой болдог ажээ. Зардлаа багасгаж болдоггүй юм болов уу гэсэн асуултын хариу хялбар байв. Зардлаа багасгавал зиндаа нь мөн багасах бөгөөд зиндаа буурвал орлого буурч ийнхүү тасралтгүй буурсаар байвал тун ч удалгүй өөрөө бусдаас аврал тусламж гуйх хэмжээнд очих ажээ. Ингээд бодоход амьдралдаа ганцхан удаа долоон зуухан мянган доллар олсон мань эрийн хувьд Тэнгэрийн элчийн дүрд тоглох нь тийм ч хямдхан хэрэг биш бололтой...


Сэтгэгдэлүүд:
ih goe bn. thks
Сэтгэгдэл үлдээх: