5
Тэнгэрийн элчийн тухай Хантайн мөрөөдөл ийнхүү унтрах тийшээгээ хандаж байтал Дэйвидийн том хүү Жорж тэдний яриаг сонирхсноор асуудал огт өөр түвшинд гарч ирсэн юм. Жорж бол Хантайтай нас ойролцоо боловч ялгаатай нь Хулантай адил номын санд амьдралдаа орж үзээгүй хүн гэдэг. Дунд сургуулиа дүүргэмэгц америк мөрөөдлийн бизнесмэн болохоор сэтгэл шулуудан коллежоо дундаас нь хаяад адал явдалт, адармаат амьдралын замд орсон тэр залуугийн талаар Хантай эцгийнх нь ярианаас бишгүй нэг дуулсан билээ. Жорж алдаж онож үзсэн туршлагатай бизнесмэний хувиар тэр хоёрын гэнэхэн санаашралыг дор нь эргүүлж мөнгө бэлэн байсаар байхад ашиглаж чадахгүй байгаа манай хоёрыг шоолон ичээгээд, тэдний бурханд чухам хэдий хэрийн мөнгө хэрэгтэй байгааг асуув. Мэдээж их тусмаа сайн, бурхны хүчинд ч мөн хүний шуналын адилаар хэмжээ хязгаар байхгүйн дээр ямар ч эрсдэлгүй байх нөхцлийг шаардаж байгаагаа илэрхийлсний хариуд Жорж бодитой санал хэллээ. Хамгийн эрсдэлгүйд тооцогдох хөрөнгө оруулалт бол жилд арван хувийн ашиг олж болно. Тиймээс ямар нэгэн мөнгөн дүнгээр сан байгуулж жилдээ арван хувийн ашгаараа тэтгэлгээ өгөх маягаар явбал Дэйвид, Хантай хоёр толгой өвдөхгүйгээр насан туршдаа тэнгэр бурхны жижигрүүлсэн дүрд тоглож болох ажээ. Гагцхүү мөнгөний хэмжээнээс шалтгаалж тэдний дүрийн том жижиг нь шийдэгдэх аж.
Хантайн баатарлаг адал явдлын талаар эцгээсээ сонссоор Монголын талаар мөн сонирхдог болсон Жорж тэднийг ажил хэрэгч, зоримог алхам хийхийг уриалав. Юу гэвэл хэрвээ Хантай таван зуун мянган доллараа санд нийлүүлэхийг зөвшөөрвөл Жорж өөрөө ч таван зуун мянгыг оруулж чадах бөгөөд эцэг Дэйвид өвөө Жэймсээс өөрийн хувь болгож өвлөн аваад өдий хүртэл хөдөлгөөнгүй дарж байгаа хөрөнгөнгийг борлуулан таван зуун мянгыг шавхан гаргавал нийт нэг сая таван зуун мянган долларын сан бий болох ажээ. Уг сан ямар ч эрсдэлгүйгээр жилд нэг зуун тавин мянган долларын ашиг олж, улмаар ашгийн төлөө бус байгууллага тул ямарч татвар төлөлгүйгээр тэр ашгаа тэтгэлгийн хөтөлбөр болон сангийн үйл ажиллагаанд зарцуулж болно гэнэ.
Энэ санаа бүгдэд таалагдав. Ялангуяа Хантайн сэтгэлд үлэмж нийцэж байлаа. Мань эр сэргэлэн толгойгоо дор нь ажиллуулж хүн бүрд ажил үүргийг дор нь хувиарлав. Мөнгөний асуудал буюу 10%-ийн ашиг олох ажлыг Жоржид, америкт буюу сангийн үйл ажиллагааг ерөнхийд нь эрхлэх ажлыг Дэйвидэд, монголд явуулах үйл ажиллагааг эрхлэх буюу чухамхүү авьяас билэгт ирээдүйтэй залуусыг олж тодруулах ажлыг Хантай өөрийн биеэр хариуцаж авах боллоо. Чухамхүү захиалсан юм шиг бүх зүйл яв цав таарч байлаа.
Мань эр энэ сангаас их зүйл олохоос гадна юу ч алдахгүй байгаа нь юу юунаас илүү таалагдаж байв. Мэдээж зуун мянгаар хүссэн машинаа авах төлөвлөгөө огтхон ч өөрчлөгдөхгүй. Одоо бол зөвхөн машинаа сонгохоос бусдаар бол шийдэгдсэн асуудал. Бас нэг зуун мянга илүү үлдэж байгаа бөгөөд үүгээр байр авах дэлхийг тойрон аялахын алийг нь ч хийж болох тул одоохондоо хадгаламжид хийчхэд болно.
Сангийн монгол дахь захиралын хувьд түүнд мэдээж цалин олдох нь гарцаагүй тул хоол ба бензиний мөнгөнд санаа зовохгүй болсон байна. Хамгийн гол нь тэр тоглоом ч үгүй жинхэнэ тэнгэрийн элч болж жижигхэн ч гэсэн маш чухал ажил хийх болно. Тэр өөрийн биеэр тэр амьдралыг туулан гарч ирсэн болохоор бүхнийг мэдэж байлаа. Тэр ч бас олон жилийн өмнө гарах гарцгүй тэр тамын ёроолоос мултрах гэж хамаг хүчээ шавхан тийчилж байж билээ. Олон зуун, бүр олон мянган идэр залуу хүмүүс дэлгүүрийн лангуу, буудлын үүдний ширээ, захын үүд сахиж, ихийг бүтээж чадах идэр залуу эрч хүчтэй сайхан насаа өнгөрөөж байгааг тэр насаараа харж явсан хүн. Ирээдүй үл харагдах утаат Улаанбаатарын ёроолгүй харанхуй гудамжнаас гарах гарц олдохгүй бие биенээ гишгэлэн чихэлдэж, авьяас чадвар, залуу насаа дэмий өнгөрөөхгүйг хичээн цөхрөлтгүй тэмцэж байгаа тэр хүмүүстэй тэр нүүр тулан ажиллах болно. Энэ бол жинхэнэ их үйлийн эхлэл гэдгийг тэр барин тавин мэдэрч байлаа.
Түүнээс гадна энэ ажлыг хийснээр, усан нүдтэй, цусан зүрхтэй мань эрийн аминчхан сэтгэл огт хөндөгдөхгүй үлдэж байгаа юм. Юу гэвэл тэтгэлэгт хамрагдах оюутан тодруулах ажил нь ерөнхийдөө жилийн турш тасралтгүй явагдах нь үнэн боловч, яг толгой өндийхгүй сууж сонгон шалгаруулалт хийх үе буюу мань эрийн мөрөн дээр тэнгэрийн элчийн жигүүр ургах сезон нь жилд ердөө хоёр удаа, ганц ганц сарын хугацаатай л үргэлжлэх юм. Энэ бол их үйлсийн хажуугаар түүнд эрх чөлөө ба ирээдүйг үлдээж өгч байгаа хэрэг билээ. Яагаад гэвэл Хантай одоо дөнгөж гучин зургаан настай, тэр өнөөдрийн амжилтаа өөрийн хүрэх ёстой оргил гэж үзэхгүй байгаа бөгөөд түүнд дахиад сурах, судлахаас авахуулаад хийх юм зөндөө байгаа тул ямар нэгэн диваажингийн арлын дэргэд зангуугаа хаян зогсоход сэтгэл төвдөхгүй байгаа юм.
Аялал гэснээс түүний дэлхийг тойрох их аялал эхлээд даруй 5 цаг өнгөрч байгаа юм байна. Номхон далай дээгүүр нисч байгаагаа санаад зориуд захиалж хажууд нь авсан цонхоороо өлийн харваас урьдын адил юу ч үл ялгарах хязгаар хярхаггүй цагаан үүл үргэлжилсээр байх бүлгээ.
Шинэ сангийн тухай яриа, үүсснээсээ хойш ялангуяа зоримог американ монгол залуу тэдний хамсаатан болохоо илэрхийлснээр яах ийхийн зуургүй өсөн томорсоор төлөвлөгөө болон хувирав. Төлөвлөгөө гэдэг бол санаанаас ялгаатай нь биелэгдэх аюултай байдгаараа ноцтой юм. Сан гэдэг бол мөнгө гэсэн үг бөгөөд хамгийн түрүүнд мэдээжийн хэрэг Хантайн мөнгө ханан хэрэм мэт бодитоор дүнхийн боссноор нөгөө хоёрыг сандралд оруулж эхлэв. Хорвоо гэдэг хачин юм өчигдөрхөн хамгийн ядуу нь байж хоногийн хоол байвал энэ өдөр амьд явсны хэрэг бүтлээ гэх нь холгүй суусан монгол хүү “таван зуун мянган доллар бэлэн боллоо. Та хоёр юу болж байна” гэсэн утгатай мэйл бичихэд баян америк авга нар бажгадах нь аргагүй юм.
Хоосон мөнгөний тухай мөрөөдөж түүнийг тэгж зарцуулна ингэнэ тэгнэ гэж ярих нь амархан, харин бодитой мөнгө түүний дансанд ороод ирэхэд зүгээр шууд өөр хүний мэдэлд өгнө гэж тунчиг хэцүү хэрэг болохыг мань эр биеэр амсаж үзэв. Яг гартаа мөнгө атгасан хүний толгой сэнтрино процессортой компьютерээс ч хурдтай ажилладаг ажээ. “Энэ мөнгөөр би сангийн аж ахуйн хувьцаа худалдаж авч болох юм. Эцэг өвгөдийнхөө нутгийг өөд нь татаж эзэн нь болон суусугай” гэсэн нэгэн бодол орж ирэхэд зэрэгцээд “Гэнэн л байна даа хүү минь, томоохон шиг зочид буудлын хувьцаа авчихаад санаа амар гэдэс цатгалан номын сандаа хэвтэж байвал барав биш үү” гэсэн дуу ч сонсогдох шиг. “Ер нь чи энэ хэнд ч хэрэггүй монголын хэдэн зэвтэй төмөр, нурсан балгасаар яах гэсэн юм бэ? Наана чинь ашиг олдоггүй хэдэн ямбий байшингаа хэдээр ч хамаагүй өгчихөөд гадаадад гарч амьдрах гэж өглөө болгон залбирдаг гуйлгачин баячууд монголоор дүүрэн байна. Дуугүй америкт очоод суурьш. Хэдэн бензин түгээгүүр, хоолны газар, кафе ч авчихаж хүрнэ наад мөнгө чинь. Америкт шүү дээ чи боддоо” гэсэн шинэ санаа бас нилээн дээгүүр хүчээ авч ташаа тулан таахалзах ажээ.
Иймэрхүү байдлаар нэт эргүүлжээ суухад мөнгөтэй болоод ажилсаг хүнд бол сайхан амьдрал бий болгох бололцоо дэлхийгээр нэг дүүрэн болохыг харж элдвийн бодол тархинд нь эргэлдэнэ. “Эцсийн эцэст би хэнд өртэй юм бэ? Яагаад би заавал ямар нэгэн сайн үйл хийх ёстой гэж? Хувиа бодож довоо шарлуулаад л хүнд гай болохгүй явбал хүн болсны гавьяа биш үү?” гэсэн бодлууд мань эрийн толгойд завсар зайгүй оволзож байсан юм. Гэсэн ч нэг л бодол хамгийн хүчтэй нь байж, хэнд ч, юунд ч, ямар ч амлалт ятгалгад автахгүй байв.
Энэ бол Хантайн эрх чөлөөг эрмэлзэх мохошгүй сэтгэл байлаа. Хорвоогийн энэ олон сайхан амьдралын алийг нь ч сонгосон тэр алдахгүй, гэхдээ тэр олсон тэрхүү амьдралаа алдахгүйн төлөө сонгосон амьдралынхаа боол нь болох болно. Тиймээс тэр бүх амь амьдралаа зориулахад харамсахгүй байх тэр л зүйлээ олох хүртлээ эрх чөлөөгөө хадгалах болно гэж шийджээ.


Сэтгэгдэлүүд:
zalhuurch yaraagui bol nunjigtei zohiol ehlej baisan yumsan!
би хүлээнээ, заавал.
/...Төлөвлөгөө гэдэг бол санаанаас ялгаатай нь биелэгдэх аюултай байдгаараа ноцтой юм.../ Ene hesgiig Monte Kristo gun-ees huilgailsan bna.
Hervee itgehgui bol Kadruss ooriin ham heregten Benedetto-toi yariltsaj baihdaa ingej boddog yum. harin ali heseg deer gardagiig ni martsan bna.
Сэтгэгдэл үлдээх: