6
Сан-Францискогийн олон улсын нисэх буудлын угтагчдын танхимд орон нутгийн Лос Анжелосын онгоцноос буугаад шууд орж ирсэн Дэйвид Жэймэн том хүүгээ өдийд ирчихсэн байх ёстой доо гэж бодоод өөр рүүгээ залгахыг нь хүлээнгээ хүнээс зайдуу нэгэн сандал дээр суун танхим цэлгэр том цонхоор манант саарал тэнгэрийг халь анзаарангаа, өргөн хар цувныхаа халааснаас энэ өдрийн сонин гаргаж, амжаагүй гарчигуудаа гүйцээн харсан шигээ цаг нөхцөөж байлаа. Сонин дээр олигтой сонирхол татчимаар юм байсангүйн дээр Хантай хүү одоо номхон далай гатлан туулсаар ирж яваа тухай бодол түүний амгалан сэтгэлийг гэгэлзүүлэх учир тэгсгээд сониноо хажуу тийш тавилаа. Хүү ч гэж дээ уг нь аль хэдийн гуч гарчихсан, амьдралд биеэ даасан эр, гэхдээ нэгдүгээрт том хүүтэй нь бараг чацуу шахам, хоёрдугаарт сүүлийн хоёр жилийн турш өдөр болгон шахуу и-мэйл, чатаар харьцсаар байгаад жилдээ хэдхэн удаа барааг нь хардаг хоёр хүүгээс нь илүү дотно болсон шиг бодогдоно. Анх Хантайн тухай сонсоод өвөөгийнх нь багад нь ярьж өгч байсан өөрийнх нь бүх насаараа мөрөөдсөн тэр ариун үүргийг өмнүүр нь ороод шүүрээд авчихсан хаа холын танихгүй тэр хүүд атаархаж, үнэндээ дургүй нь хүрэх шахсан боловч, юмны логик учрыг түргэн тунгааж дасгалжсан уураг тархи нь түүнд, угтаа бол тэр хүү түүний ажлыг булааж авсан биш, харин ч түүнийг энэ яваа насныхаа амьдралыг утга учиртай болгоход нь тусалж, зөвхөн түүний л хийж чадах тэр ажлыг, алдар гавьяаг өөрт нь үлдээснийг ухаарахдаа, үл таних тэр монгол хүүд талархах сэтгэл төрсөн нь тэр л чигээрээ зүрхэнд нь хоногшин батжсан ажгуу.
Анхны сэтгэгдэл хүмүүсийн хоорондын харилцаанд гүнзгий нөлөө үзүүлдэг хэмээн сэтгэлзүйчид нотолдог ч, Хантайн тухай анхны тэр хоёрдмол сэтгэгдэл түүнтэй харьцсан жилүүдэд олон ч удаа хувирсан билээ. Том хүүгээс нь огтхон ч дутахааргүй гөжүүд зантай тэр хүү заримдаа энгийн яриан дундаас огт санаанд ормгүй сонин сэдвийг чухалчлан авч үздэг нь анхандаа хачирхалтай санагддаг байсан ч хашир хүний хувьд тэд хоорондоо тэс ондоо нийгэмд өсч хүмүүжсэн гэдгээ ухамсарлаад өөрийнхөөрөө тайлбарлаж өгдөг байлаа. Хэдийгээр зарим зүйлийн учрыг маш түргэн бараг амаа ангайж амжаагүй байхад нь ойлгодог боловч зарим зүйлийн учрыг амаа хаттал тайлбарласан ч огт учрыг нь олохыг үл хүсэх мөртлөө өөрийнхөө үзэл бодлыг санамсаргүй оночтой үг хаанаас ч юм гарган ирж, уран цэцнээр тайлбарласаар мань эрийн жаран жилийн турш гуйвшгүй итгэж явсан тэр ертөнцийг нь хөмрүүлэх дөхдөг тул өөрөө өөрийгөө авч үлдэхийн тулд сэдвийг өөрчлөхөөр янз бүрийн тактик хэрэглэхээс өөр аргагүй болдог, эн тэнцүү сайн мэтгэлзэгч хэмээн үнэлж явдаг болжээ. Мөн түүний ярианаас олон удаа хүнд хэцүү байдлаас мултарч явсан тухайг нь дуулаад хоосон дэмий ярьдаггүй сэргэлэн толгой болохыг нь гадарладаг болсон хэдий ч хоёрхон жилийн дотор чамгүй их мөнгөтэй болоодохсон нь чухамхүү америк стандартаар догь эр гэж үнэлээс өөр аргагүй болгосон юм.
Харин оюутны тэтгэлэгийн сангийн тухай яриа өдөөж, олсон бүх мөнгөө санд нийлүүлэх болсон явдал нь манай хашир хуульчийг бүрэн шоконд оруулсан хэрэг байлаа. Дэйвид бол сүүлийн арван таван жил Монголтой маш өргөн хүрээнд харьцаатай байж ирсний хувьд тэндхийн байдлыг сайн мэддэг хийгээд басхүү Хантайд чухам аз тохиож олдсон тэр мөнгөний үнэ цэнийг сайтар ойлгож байгаагийн хувиар залуугийн сэтгэлийн хөөрөл намдаж, амьдралаа бодох цагийг нь хүлээн гарч болох бэрхшээл саадыг тоочин сэхээрүүлж байсан нь гагцхүү түүний сайн сайхны тулд байсан бөгөөд хөөс нь арилж бүлээссэн пивээ хожим нь балгаж үзээд амаа барихгүй байгаасай л гэсэндээ тэр юм. Гэтэл тэдний яриаг, сүүлийн үед их л сэжигтэйгээр монголын тухай машид сонирхох болсон том хүү нь санамсаргүй олж мэдээд шамдан оролцож гал дээр тос хийх мэт дүрэлзүүлж орхив. Ер нь Жорж бол багын их дураараа хөдөлгөөнтэй хүүхэд байсан ба хорин нэгэн настайдаа сургуулиа хаяж өвөөгийнхөө өөрийнх нь нэр дээр гэрээсэлж үлдээсэн Лонг-Айландын морины зүчээг эцэгтээ хэлэлгүйгээр зараад өөрийн ажил хэргээ эрхэлнэ хэмээн гэрээсээ явж одсон том толгой билээ. Таван жилийн турш сураг чимээ нь хааяахан дуулдаж явсаар сүүлдээ ч огт сураггүй болсон бөгөөд бүх мөнгөө алдаж, гэртээ харих нүүргүй болсон тул машиндаа хонож явснаа сүүлд нэг удаа гэнэ алдан ярьж билээ. Бараг жил гаруй ийнхүү “хээр” хонож явахдаа их ухаан суусан гэж өөрийгөө хаяа магтддаг болсон юм. Тэр хоорондоо өвөөгийнхөө үлдээсэн өвөөр туйлж явахдаа танилцсан олон бизнесмэнүүдтэй холбоо харилцаагаа алдалгүй өөрийгөө дампуурсныг ч илчлэлгүй байсаар тэднээрээ зуучлуулан олон хүмүүстэй танилцан, хүмүүсийн өөрсдөө хийхээс халширдаг ядаргаатай ажлуудыг нь хийж өгч бага багаар дэвжсээр гурван жилийн дотор хөл дээрээ өндийж орох офистой болж ажлынхаа өрөөнд унтдаг болсон гэдэг.
Дэйвид хүүгийнхээ тэр яриаг сонсоод толгой сэгсрэн санаа алдаж, машиндаа хонодог байхдаа хэрхэн яаж өл залгуулдаг байсныг сонирхоход цаадах нь огт ажирсан шинжгүй хөөрөх нь Флоридад очиж далайн эрэг дээр амарч байгаа хүний дүрээр бараг 3 сарын турш өглөө үүрээр баар, хоолны газрын цэвэрлэгээний ажил хийж орой нь олсон мөнгөө хямгатайхан шиг хүн амьтны нүдэн дээр үрдэг байсан гэнэ. Заримдаа Нью-Иорк орохдоо хамгийн өндөр зочид буудлыг шилж жуулчны дүрээр ороод хамгийн дээд давхарт нь гарч гудамных нь буйдан дээр унтчихдаг, тийм газар зочдоо зөвхөн доод давхраасаа эхэлж оруулдаг ч хэзээ ч дүүрэн байдаггүй юм гэж хэнэггүй ярьдаг билээ. Арван жилийн өмнө нэг удаа эцгээсээ нэгэн гэрээн дээр батлан даалт гаргуулъя гэсээр орж ирэхэд нь хашир хүний ёсоор хамаг хөрөнгий нь нягталж үзсэнд санасныг бодвол овоо хөрөнгөтэй болсон байж. Тэгээд ч хэдэн жилийн өмнө Лонг-Айландын морин зүчээг эргүүлэн худалдаж авснаа үзүүлж, одоо санаа зоволтгүй таны нэр дээр шилжүүлчихъе гэж аргадсанаар мань эрийн сэтгэлийг ихэд уяруулсан удаатай. Харин бага хүү нь хар багаасаа байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, тоо, физикээс өөр юм сонирхдоггүй байсан, тэр л хэвээрээ явсаар их суогуулиа дүүргэж өд жигүүр нь ургаад төрсөн үүрээ орхин одсон тул крисмасаар л нэг барааг нь харах бөлгөө. “Танай НАСА-гийн өч төчнөөн төслөөс ганц мэйжик лент л амьдралд их хэрэг болдог гэл үү” гэж ах нь нэг оройн хоолон дээр даажин хийхэд муухан мушийчхаад дуугүй л сууж байсан төрхийг нь сэтгэл дүүрэн харж байснаас хойш нэг л мэдэхэд хоёр жил өнгөрсөн байх юм. Энэ хоёр хүүхдээс гадна сүүлийн үед Хантай гэдэг нэг хүү нэмэгдсэн тул өөрийн эрхгүй санаа тавихаас өөр аргагүй болох ажээ.
Ялангуяа одоохон хаашаа ч хамаагүй дүүлэн нисчихгээд байгаа юм шиг Хантай сүүлийн үед хамаг анхаарлых нь төвд байгаа юм. Хантайн олсон тэр мөнгө нь түүний бүх л амьдралыг эргүүлж болохуйц мөнгө буюу цаашдынх нь амьдралыг ч шийдэж болох зүйл гэж Дэйвид үзэж байсан тул сан байгуулах асуудал дээр болгоомжтой хандаж Жоржийг бүх ажил хэргээ өөрт нь шалгуулахыг хүссэн юм. Тэгтэл түүний санаснаас ч илүү баталгаатай санхүүтэй болохоо батлан харуулсан боловч угийн сүйхээтэй зангаа тавиагүй гэдгээ үзүүлж өөрийн гаргах таван зуун мянган доллараас зөвхөн зууг нь өөрөө гаргана, бусдыг нь олон найз нарыгаа ятган сэнхрүүлж гаргуулна хэмээн хөөцөлдөж яваа бөлгөө.
Эцэстээ Дэйвид хоёр залуугийн бадрангуй хүсэлд бууж өгөөд Сан байгуулахаар шийдэж бүхий л нарийн ширийн нөхцөлийг судалж, бодит төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Гэтэл Сан эрхлэнэ гэдэг барагдашгүй их ажил удах төлөвтэй зүйл ажээ. Гэхдээ яахав, нэгэнт одоо өөрийн бие хэдий жар хүрч байгаа ч ажлын чадвар буураагүйн дээр үндсэн ажил болох хуулийн фирмийнх нь ажилд залуу чадалтай өмгөөлөгчид түрэн орж ирж байгаагаас гадна өөрөө ч бас хүнд хурц асуудал болон дааж давшгүй ачаалал ихтэй тэр ажлаасаа жаахан мятрах тал руугаа орж байгаагийн хэрээр фирмдээ оруулсан хувь хэмжээндээ л ажлынхаа чиг баримжаагаа хангасхийгээд алсуурхан шиг явбал бас ч гэж нэгийн зэрэг Сан хэмжээний зүйлийг эрхлээд байх бололцооны шинжтэй баримжаалагдаж байв.
Энэ хооронд Жорж мөн л түүний орж ирсэн хаалгаар орж ирсэн бололтой ойрхон явж байгаа харагдсан ч одоохондоо эцгээ олж хараагүй байгаа бололтой гар утсаа чихэндээ наагаад ямар нэгэн юм чухалчлан ярьж, бодвол хэн нэгэнд заавар өгч байгаа бололтой олны шуугианаас зайлсхийн цонхны харалдаа очоод утас руугаа гилжийн ярьж байх ажээ. Том хүү нь дээгүүр зантай, Лондон Парисыг ч сонирхол татах юмаар маруухан гэж хэлэхээ сийхгүй хүн гэнэтхэн ноднин уржнангаас газрын иухарт байдаг Монголыг сонирхдог болж эцгийнхээ монголтой холбоотой ажил төрлийг яаж байна ийж байна хэмээн санаа тавих болсон нь хачирхалтай санагдахын дээр Сан байгуулах санааг идэвхийлэн дэмжиж, өөрөө хүртэл хөрөнгө мөнгө хандивлахаар барахгүй монгол явж бас ч үгүй нэлээн хэдэн сар амьдарч үзэн тэндхийн байр байдлыг өөрийн биеэр тодорхойлно гэж ярих болсон нь бүр төрөл арилжив уу гэлтэй ажээ. Дэйвид хүүгийнхээ ийнхүү хувирсанд Хантайд хүртэл энэ сэтгэгдлээ хуваалцсан мэйл явуулахдаа хүүгээ ийнхүү гэнэт хувирсан нь үе үе солигдож байдаг шар толгойтой найз охидоосоо уйдаад, дэврүүн сэтгэлийнхээ гүнд монгол эхнэр авахаар гэнэт шийдээд байгаа юм биш биз хэмээн шоглоом хийж билээ. Хариу нь харин том хүү нь өөрөө биччихэв үү гэлтэй тоомжиргүйхнээр “Яагаад болохгүй гэж? Бид ихэр охидтой гэрлэх ч юм билүү” гэсэн зүйл ирсэнд Дэйвид тоглоом гэдгийг нь ойлгож байсан ч барьц алдах шиг болсонсон. Учир нь Хантайн ярьсан хэлсэн зарим зүйл үлгэрийн юм шиг ёсчлон биелэхийг жижиг том нэлээн хэдэн тохиолдол дээр анзаарсны дээр санаанд оромгүй юмыг гайхалтай таадгийг нь мэддэг болсон тул энэ ихэр гэсэн үг санаандгүй түүнийг цочирдуулсан нь учиртай.
Хантай, Жорж хоёр бие биенээ хараагүй, зургийг нь ч үзээгүйн хэрээр тэдний мэдэхгүй нэгэн сонин нууцыг Дэйвид мэддэгээс гадна хэзээ нэгэн цагт тэд уулзалдах нь гарцаагүй тул сюрприз болгох гэж ихэд нандигнан нууцалдаг билээ. Дэйвид өөрөө ч анх Хантайн зургийг хараад их л цочирдсон нэг зүйл байсан нь Хантай Жорж хоёр хоорондоо тунчиг адилхан байсан явдал юм. Хантай арай Жоржийг өөртэйгөө адилхан гэдгийг мэдчихсэн юм биш биздээ гэж бодогдоход дээр нэгэн удаа өвөөгийнх нь зурагтай Дэйвидийн зургийг адилхан байна гээд хамаатан болох гэж баримт материал хайгаад олоогүй хэмээн ярьж байсныг санажээ. Дэйвид Жэймэний хувьд ямар ч баримт нотолгоо хэрэггүй бөгөөд хоёр залуу зэрэгцээд зогсоход л бүх юм ойлгомжтой болох юм.
Тэд чухам амьдаараа бол хэр адилхан бэ гэдгийг өнөөдөр л уулзахад нь мэдэхээр, басхүү тэр хоёр бие биенийгээ хараад хэрхэн шоконд орохыг харахаар сэтгэл догдлон Фриско уруу усан бороон дундуур хэрэг гарган нисч ирсэн нь энэ бөгөөд эс бөгөөс хуурай нарлаг гэртээ тайван хүлээж байх байсан юм. Угаасаа Хантай ч Токиогоос шууд ийшээ ирсэн нь энд суурьшсан Жорж түүнийг тосч аваад хүсэл мөрөөдөл болсон Америка-г нь ханатал үзүүлэхийн тулд өөрийн машинаар хоюулхнаа Калифорноор тойрон аялахыг амласнаас үүдсэн хэрэг бөлгөө.
Энэ хооронд хүү нь утсаар ярьж дуусаад эргэн харснаа өөдөөсөө харж суусан эцгээ санамсаргүй олж харчихаад инээмсэглэн гараараа даллаад түүн рүү чиглэн алхлаа. Энэ л хонгор сайхан инээмсэглэл нүүрэндээ тодруулсан омголон залуу эр түүний хүү гэдгийг мэдрэхдээ цээж дүүрэн бардам бахархал төрөхийн сацуу одоо удахгүй ирэх нислэгээр хүүтэй нь ширхэг солимгүй адилхан идэр залуугийн хавтай, исгэлэн халуун зүрхтэй, бас нэгэн омог бардам эр бууж ирэхийг дотроо төсөөлөхдөө, монголын үрс мандаж буурах цагийн тоосонд үл дарагдахын учрыг тунгаан мишээвэй.


Сэтгэгдэлүүд:
Ниранзу: аан бичсэн байсан юм бна ш дээ, бөөндсөнд баярласан шүү.
Давсгүй хар цай уусаар байгаад аагтай шаргал сүүтэй уухаар амтанд нь ороод үргэлж л сахиад сүүгаа.
Ном гаргавал хамгийн түрүүнд худалдаж авна шүү. Гарын үсэгтэйг за. ХЭХЭ
gehdee l bichleg bolgoniig unshaad dogdoldog heveeree shdee ;D
J. Byambaa guain tsag uye damjsan 3 goy roman shig zaaval urgeljiluuleerei za u!
Аа тийм нээрээ Хулан чинь ихэр билүү ;-) Тэгэхээр бас арай л Солонгос кино шиг болчих ч юм уу төгсгөл нь хэхэ. Гэхдээ тэгж дуусвал бас гоё ч юм шиг. Хулангийн ихэр нь угаасаа номын юм чинь АНУ-д очоод сураад одоо ганц бие явж байхыг үгүйсгэхгүй дээ тээ ;-p
За за сүүлийн үед ингэж ургуулж цаашаа явж хадуураад, уншихаар өөр байсанд харамсаж энэ тэр болоод л яваа хэхэ.
Хэвлүүлэхээсээ өмнө нээрээ ярилцаж байгаад зарим нэгэн нэмэлт, энэ тэр оруулж төлөвлөж байгаад хэвлүүлэхийг гүсжээна
amjilt husye, zaluu zohiolch huud.
Зохиолын гол баатар Хантай орчин үеийн Монгол залуугийн үлгэр дууриалал болохуйц сайхан дүр. Олон олон залуус энэ зохиолыг уншиж олон зүйлийг ухаарна гэдэт итгэлтэй байна.
Зохиолчид уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх: