Олон жилийн өмнө хүүхэд байхдаа уншиж байсан зохиолууд болон кинон дээрээс барууны зохиолч болон хэвлэлийн компанийн талаар ерөнхий нэг нийтлэг дүр зургийг яагаад ч юм бэ сэтгэлдээ босгоод, олон оныг дамжуулан өдийг хүртэл тэр дүрслэлээ бодитой юм шиг санаж явсан байх юм. Тухайлбал эхлэн бичигч буюу зохиолч болохыг мөрөөдөгч нэгэн, яагаад ч юм тэр нь их ядуу хүн байдаг, дээврийн хонгилын хөлсний хямд өрөөнд ч юм уу нэг тиймэрхүү газар, хоол унд ч үгүй, харж хандах хүн амьтан ч үгүй орь ганцаар, лааны сүүмэлзсэн гэрэлд ч юм уу, эсвэл манант тэнгэрийн завсраар сүүмийх өдрийн бүдэгхэн туяанд өрвийн суугаад хаанаас олсон юм бүү мэд нэг муу бичгийн машины товчлуурыг будаа тонших шиг тог тог хийлгэн өдөржин шөнөжин суусаар арай л өлсөж үхэж амжилгүй наахна нь нэг юм өөрийг нь алдар хүндийн оргилд хүргэх суут романаа бичиж дуусгана. Тэгээд бичсэн зохиолоо том цаасан дугтуйнд хийгээд өөрт нь асар их үнэ цэнэтэй аавынхаа үлдээсэн цагийг ч юм уу нэг тиймэрхүү цорын ганц эрдэнээ ломбарданд тавиад мөнгөөр нь шуудангийн төлбөрийг төлөн хэвлэлийн компани руу илгээнэ. Тэгээд л романыг нь хэвлэх гэрээний эх бүхий хариуг хэвлэлийн компаниас ирэхийг хүлээнгээ урьдны тарчигхан амьрал руугаа эргэн орж, шал угааж өөр яадаг ч юм нэг л их хэцүү ажил хийн голоо зогоож, өдөр бүр шуудангийн хайрцгаа онгойлгон үзэж, хариу ирэх ёстой хаягаа өөрчилчихгүйн тулд цусаа хүртэл заран байж муу байрныхаа хөлсийг төлөн цаг хугацаа секунд бүрийг тоолно.
Нөгөө талд нь хэвлэлийн компанийн эзэн гэж нэг бүдүүн навчин тамхи амнаасаа салгалгүй баагиулсан, тамхинаасаа ч бүдүүн лухайсан эр зөөлөн сандал дээр тухлан, шуудангаар ар араасаа ирсээр овоорсон зузаан дугтуйнуудаас нэг нэгээр нь авч залхуутайхан шиг уншсан болоод л хогийн сав руу чулуудаж дараагийнхийг нь авч уншина. Хэвлэлийн компанийн эзэн хэдийгээр нүдэнд хүйтэн харгис амьтан боловч өөрийнхөө мөнгөөр ном хэвлэж зараад борлуулсан ашгаа зохиолчтой хувааж авдаг амьдралыг нэвт мэддэг бизнесмен тул ямар зохиол зарагдах ямар нь зарагдахгүй болохыг сайн мэднэ. Гэвч энэ удаад манай ядуу зохиолчын роман нүдэнд нь өртөлгүй хогийн саванд шидэгдэнэ.
Манай ядуу зохиолч ч бас хашир бурхи тул анхнаасаа хортой цаас тавьж байгаад 5 хувь бичсэн зохиолоосоо 4-ийг нь дөрвөн өөр хэвлэлийн компани руу явуулчихаад нэгийг нь орон доогуураа сайн нуучихсан байж байдаг. Гэвч дөрвөн хэвлэлийн компани дөрвүүлээ түүний зохиолыг үл хэрэгсэнэ. Бүх насаараа гуйлгачин ядуу амьдралыг туулж, хэвлэлийн компаниас хариу хүлээсээр эцэст нь өлсгөлөн, хүйтнээс өвчин тусч, жишээ нь сүрьеэ, үхлүүт болсон зохиолч маань горьдлого тасралгүй хүлээсээр эцэст нь амь тавихад хоосон үлдсэн өрөөнд нь олон жилийн дараа бас л зохиолч болохыйг мөрөөдсөн өөр нэгэн залуу хөдөөнөөс ирэн орох бөгөөд тэр залуу орон дороос мөнөөхөн зохиолн эцсийн хувийг олоод үнэхээр суут бүтээл болохыг нь таньж хөөцөлдсөөр байгаад хэвлүүлж нөгөө жинхэнэ зохиолчийн хүртэх ёстой байсан алдар хүнд, эд хөрөнгөний эзэн болно.
Одоо нэгэнт зах зээлийн нийгэм буюу капиталист нийгэмд шилжлээ гээд байгаа монголд тэгвэл ном гэдэг дараахь байдалтайгаар төрөн гардаг юм байна. Юуны өмнө номын зах зээл гэдэг юм нь бусад энгийн хэрэглээний барааныхаа зах зээлтэй харьцуулшгүй бага байдгаас үүдэлтэй юм болов уу, ямар ч гэсэн хэвлэлийн компани гэдэг маань өөрөө зардал гарган хэн нэгний ном зохиолыг хэвлүүлж ашиг орлого олно гэдэг бол байж болшгүй зүйл гэж үздэг бололтой. Зөвхөн бэлэн мөнгөөр төлбөр хийвэл таны хүссэн бүхнийг ямар ч цензургүйгээр, жинхэнэ арчилалсан үндсэн хуульд заасны дагуу хүн бүр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэсэн ёсоор шууд хэвлэж өгнө гэнэ.
Харин огт мөнгөгүй хүн хэрхэн яаж хэвлэн нийлэх эрхээ хэрэгжүүлэх вэ гэсэн асуултад шууд хариулах этгээд олдсонгүй боловч манай шинэ үеийн эхлэн бичигч маань өөрөө хөөцөлдөж яваад сэтгүүл буюу сонинд материалаа өгч хэвлүүлж болдог хийгээд найраа сайтай зарим том зохиолч нар нь бол бусад төрлийн худалдаа хийдэг компаниудтай тохиролцон эд барааг нь рекламдана гэх буюу бүр ерөнхий захирлыг нь эрдэнэт номын хуудсанд мөнхлөн үлдээнэ гэх мэтээр тохироод ивээн тэтгүүлж болдог гэнэ. Ямар ч гэсэн хэн ч байлаа гэсэн хэвлүүлэх гэсэн зүйлийнхээ төлбөрийг яаж ийгээд олоод ирдэг ажээ. Товчхондоо бол орчин үеийн монголд амандаа навчин тамхи зуусан бүдүүн капиталист эзэнтэй хэвлэлийн компани гэж огт байхгүйгээс гадна цор ганцаараа дээврийн хонгилд амьдардаг ядуу зохиолч гэж байдаггүй бололтой..
Хэвлэлийн компаниудтай гол тохирох зүйл нь мэдээж хэвлэлийн үнэ. Хэд хэдэн газраар орж үзэхээр аяндаа ерөнхий баримжаа харагдах бөгөөд үндсэндээ бүгд л нэг газраас цаас хор энэ тэрээ оруулж ирдэг, нэг л газар буюу дүүргийн татварын газар татвараа төлдөг, Улаанбаатрын байр сууцны түрээс адилхан, ажилчиддаа өгдөг цалин пүнлүү нь бодвол ойролцоо юм байлгүй үнийн санал бол бараг адилхан шахуу байх тул сонголт хийхэд хэцүү боловч миний хувьд бол цэвэр монгол заншлын дагуу таньдаг хүний маань таньдаг компани найдвартай хэмээн сонгов. Үүний хариуд нөгөө талаас ч гэсэн танилынхаа танилд онцгой хямдралтай үйлчлэнэ гэнэ. Алсуураа бол хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэсэн зарчим хаа хаанаа үйлчилж байгаа нь энэ юм. Нэгэнт хоёр тал хоюулаа өөрийн нохой болсон тул эцсийн тохиролцоо хийхэд ядах юмгүй бөгөөд бие биенээ хардах тандах зүйлгүй гар бариад л боллоо.
Нэгэнт гол зүйлээ тохирсон хойно бол бусад нь алга урвуулахын адил хялбар бөгөөд ямар форматын ямар цаасан дээр хэдэн нүүр хэвлэх вэ гэдгээ шийдэхэд үнэ нь процентоор үржүүлэгдээд л гарч ирнэ. Хавтас харин тусдаа үнэтай байдаг бөгөөд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа одоогийн бараг бүх номны зөөлөн хавтас нь 250 граммын цаасан дээр бүтэн өнгөөр хэвлээд “матовый” эсвэл “гялгар” гэсэн хоёр янзаар бүрүүлдэг юм байна. Харин хатуу хавтас гэдэг нь ширхэг нь миний хэвлүүлэхээр тохиролцсон нэг бүтэн номны үнэтэй адил үнэтэй тул энэ удаадаа нэрэлхэн татгалзав. Учир нь миний мөнгө цөөхөн бөгөөд нэмж ивээн тэтгэгч буюу хөрөнгө оруулагч олох гэсэн оролдлого минь хад мөргөсөн шаазан шиг бутран унасан байсан билээ. Уран зохиолын ном, тэр тусмаа хэн ч танихгүй эхлэн бичигчийн номонд, тэр нь тэгээд нэт дээр үнэгүй уншаа гээд тавьчихсан байгаа шүү, хөрөнгө оруулна гэдэг элсэн дээр ус асгахтай адил хэрэг миний танил найзууд бүгд үзэж буй хэрэг тул шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр өөрөө л нэг юм аргалахаас өөр аргагүй болсон юм.
Ай-Эс-Би-Эн гэж нэг юм байна. Энэ бол чухам чиний ном гэдгийг гэрчлэх ганц зүйл, үндсэндээ бол дэлхийн номын худалдааны конвец гэж байдаг бол тэрэнд бүртгүүлж байгаа юм уу даа гэж л хар ухаанаар ойлголоо. Үүнийг АУИС буюу хуучнаар анагаахын дээдийн номын сангийн эрхлэгчээс очиж авдаг юм байна. Эхлээд би их л эргэлзэж байсан боловч очоод уулзсан чинь нээрээ гэж байнаа. Миний номны талаар товчхон бүртгэл хийгээд газар дээр нь код, бас баар код хүртэл олгов. Тэгээд энэ бүхнээ тэднийхээс эрхлэн гаргадаг “Дэлхийд данстай Монгол ном” гэдэг цувралдаа хэвлээд дэлхийд зарлачихдаг юм байна. Ийнхүү дэлхийн дансанд бүртгэлтэй болсноор хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө жинхэнэ утгаар нь эдлэх эрхтэй болов.
Ай-Эс-БиЭн кодоо, флашд хийсэн “гар бичмэл”-тэйгээ хэвлэлийн компанидаа аваачиж өгмөгц, эхээ бэлдсэн үү гэж асуув. Дуугарсангүй толгой сэгсэрмэгц шууд үнэ төлбөргүйгээр дизайнер томилж өгөв. Материалиа хүлээлгэн өгөөд маргааш нь “Уншилт” гэж албан ёсоор нэрлэдэг нэг ширхэг жинхэнэ ном надад хүлээлгэн өглөө. Нэт дээр ч биш, миний компьютер дээр ч биш жинхэнэ цаасан дээр хэвлэгдсэн номоо гартаа барьж үзнэ гэдэг нээрээ их сонин сэтгэгдэл төрдөг юм билээ. Үүгээр би яах билээ гэвэл үг үсгийн алдаагаа хянах юм гэнэ. Уг нь би зөндөө хянаж, хянаж өгсөн боловч бас л бөөн алдаа үлдсэн байлаа. Тэдгээрийг бас л хянасан боловч бас дахиад л зөндөө алдаа үлдсэн гэдэгт бүрэн итгэлтэй байна. Үүнээс хойш юм бичье гэж бодвол нөгөө монгол үсгийн спэллинг хийдэг гар буутай программыг олж авууштай юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ухаарч авав.
Эхний “Уншилт”-аа хүлээлгэн өгмөгц “миний” дизайнер бүх олсон алдааг минь засч өгөөд дахин хоёр дахь “Уншилт”-ыг гаргаж өгөв. Одоо бол би түүнийг дахин уншихаас үнэндээ зүрх үхэж байв. Хавтасны дизайнаа яаж хийх вэ гэж асуухаар нь би өөрөө хийгээд ирнэ гэлээ. Хавтасны хувьд над нэгэн санаа байсан бөгөөд түүнийг маань гүйцэлдүүлж өгч чадах найз маань ч бэлэн байсан тул огт санаа зовоогүйгээр барахгүй нэг өдөр суугаад л гайгүй сайхан хавтастай болж авлаа.
Хавтас гэснээс хавтасны арын нүүрэн дээр Бум-Эрдэнийн нэг өгүүлбэр бас Алтаргана, Нараа хоёрын сэтгэгдлээс нэг нэг өгүүлбэрийг бусад бүх уншигчдынхаа сэтгэгдлийн төлөөлөл болж чадна гэж үзэн “Анхны уншигчдын сэтгэгдлээс” гэж нэр өгөөд тавьсан. Дашрамд дурдахад та бүхний дэмжин санал болгосончлон Бум ахаар сэтгэгдэл бичүүлж номынхоо эхэнд тавьсан.
Ингээд зохиол маань ном болох шатандаа орсон бөгөөд өнөө өглөө хэвлэлтэд шилжүүлж 7 сарын 1 гэхэд хэвлэлтээс гарна.
...Төсөөлөл ба бодит байдал гэдэг ийм л хол зөрөөтэй байдаг юм байна даа...


Сэтгэгдэлүүд:
Amjilt xuseyee, bestseller bolooroi,,,
5 номыг гарын үсэгтэй авч болох уу
Гадаад руу илгээх үү
Za arai gej nomnii hawtasnii zurgaa oruullaa. Hewlegdeed garahaar ny helnee. Gariin usegtei nom yaaj hund uguh uu bodoodhyo. Bi uuruu yamar ch gesen gadaad ruu yawuulj chadahgui bhoo. Mongold baigaa hamaatan sadand ny ugch boloh bh
Anhnii chini unshigchiin neg bolohoor zaaval gariin useg nehne gevel zodohgui biz dee hehe.
"Хар хулангийн бөгж"-ийг би хувьдаа ер умшаагүй нэгэн. Гэхдээ нөхдөөс сонсох нь ээ ихэд сайхан даацтай бүтээл болсон сурагтай. Тээд яахуу, умшмаар оргиод... Компүүтэрийн дэлгэцнээс илүүтэй цаасан дээр буусан үсгүүдийг холбож унших хамгаас амттай байдын, би хувьдаа. Тийм болохоор "Хар хулангийн бөгж"-ийг чээнь А4 дээр принтэрлэж байгаад умшыы гэж төлөвлөөд байсын. Тэгтэл ашгүй ном болон гарах нь ээ. Өлгийдөн авах номыг чээнь хүлээсэээн.
Нөхөрсөгөөр зөвлөхөд хоёр дахь уншилтаа өөрөө хийгээд хэрэггүй. Харин монгол хэлний "хүн" эсвэл мэргэжлийн хүнээр хянуулчих нь дээр. Үнэндээ одоо юм уншина гэхээс зүрх үхдэг болжээ, үг үсэг, утга найруулгын алдаа мадаг ихтэй болохоор...
Нөгөөтэйгүүр, хоёр дахь уншилтаа өөрөө хийхээс өөр аргагүй болвол хэд хоногтоо наад номынхоо тухай таг саначих. Тээд өөр юм хийж, эсүүл өөр сайн бүтээл уншаад ч юм уу өөртөө жаахан цаг өг. Тэгжүүгаад ахин унш. Тэр уншилтаар алдаа оноогоо илүүтэй олж харна.
АМЖИЛТ хүсий. Номоо гаруут хэлдийм шөө хө.
mordogch@yahoo.com xayagaar xolboo barina uu. Bayarlalaa
ном чинь хэвлэгдэхээсээ өмнө эздээ олцон байшд хэхэ
надаа нэгийг гарын үсэгтэй өгдийм шүү...миний орлогч болох хүн очиж авна ав гэсэн газраас нь...гол нв би өөрөө биш ч зохиолчийн гараас авнаа...
Ангарагийн хэлсэн үнэний ортой гэдгийг дашрамд дурдсуу..
за мэдээж оройтсон дэмий үг ч гэлээ энд гээмээр санагдав. яагаад гэвэл наад зохиолыг чинь Фабио хүү надад уншуулсан юм анх, сүүлдээ шинэ дугаар оронгуут л хаа ч явсан нөгөөд чинь шинээр орчихсон гээд л.
Эцэст нь амжилт, энэ бол их замын эхний л нэгэн зөрлөг байх, цаашид олон олон зөрлөгт тухайн орчны онцлог бүхий шинэ зохиолуудаар уулзаж байхыг билэгдэн ерөөе.
Чиний каптилийст зохиолчийн төсөөлөл их гоё санагдав, нээрээ дээр үеийн ихэнх зохиолчид ядуу байсан байх аа, гэхдээ бас бичгийн машинтай гайгүй л юм байна хэхэ
Хавтас бас их чухал.. Гэхдээ доторх нь чухал л даа.
http://blogmn.net нүүрэн дээр удахгүй худалдаанд гарна гээд баннер хийчихлээ, блогтой чинь холбосонгүй. Номноос нь уншиг гэж бодоод
Сэтгэгдэл үлдээх: